Зөвлөмжийг шийдвэр болгохыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Зөвлөмжийг шийдвэр болгохыг анхаарууллаа

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх  зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар ахлуулсан тус хуралдаанд хувийн хэвшил, олон талт хамтын ажиллааны байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх нь, Концессийн хуулийн хэрэгжилтийг боловсронгуй болгох арга замууд, Хил дээрх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах нь зэрэг сэдвийг хөндөж санал солилцлоо.

Оролцогчдын зүгээс уг зөвлөлдөх хуралдаанаас гаргах зөвлөмжийг Засгийн газрын шийдвэрт тусгах шаардлагатай байгааг сануулж, яамд агентлагын хүнд суртал уг ажлыг унагаж байгаа талаар шүүмжилсэн байна. Энд яригдсан шүүмж, саналуудыг шийдвэрлэж, нэгдсэн санал дүгнэлттэй болох хэрэгтэй талаар хуралдаан удирдагч анхааруулав. Өнөөдрийн хуралдаан дээр тээвэр, хил гаалийн асуудал гол шүүмжийг өрнүүллээ. Тухайлбал Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны гүйцэтгэх захирал Т.Занашир “Хил гааль, мэргэжлийн хяналтын үүргийг цогц байдлаар бүрэн биелүүлэх нөхцөл бүрдээгүй нь хяналтын ач холбогдлыг бууруулж, энэ байдлыг далимдуулсан авлига хээл хахууль, хууль бус худалдаа хийх боломжийг бүрдүүлж байгаа тул хил дээрх удирдлагын шинэ арга барилыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорин жилийн өмнө бид хил дээр тээш ухдаг талаар шүүмжилж ярьдаг байсан. Гэтэл техник технологи хөгжсөн өнөө үед ачаа чингэлгийг ухаж төнхсөөр л байна” хэмээн шүүмжиллээ. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж