Ноён банхар ирэх сонгуульд өрсөлдвөл…

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ноён банхар ирэх сонгуульд өрсөлдвөл…

Вашингтон хотын нэгэн хорооллын “Хилбрук-Тол-Оакс” гэх байрныхан даргаараа Бьюти Ли нэртэй нохойг сонгожээ. Харин түүний орлогчоор эзэн нь сонгогдсон гэж байгаа. Дарга болсон нохойны албан тушаал нь монголчилбол Сууц өмчлөгчдийн хол­бооны дарга юм уу даа. Их л эрх мэдэлтэй суудал юм байх. Тухайн байранд байр худалдан авах сонирхолтой хүмүүс нөгөө дарга нохойноос зөвшөөрөл авах аж. Мөн оршин суугчдын маргааныг тасалж,  тамхи татаж болох эсэх гээд чамгүй олон асуудалд дарга нохой шийдвэр гаргана гэсэн үг. Бьюти Лиг байрныхаа даргаар сонгох эсэх хуралд тус байрны 60 орчим оршин суугч оролцсон бөгөөд бага зэргийн сонгууль болж 100 хувийн саналаар даргаа сонгосон учир хууль ёсных гэсэн үг. Тэгвэл энэ үзэгдлийг Монголын улс төрд хэрэгжүүлбэл ямар вэ. Ард түмэн сонгуулиар хүн сонгодог. Гэтэл явцын дунд нөгөө сонгосон гишүүнээ ямаа, үхэр мал гээд л ярьж өгдөг биз дээ. Тэгвэл нэгмөсөн нохой сонгочихоод дууддаг нэрээр нь дуудаад сууж байсан нь дээр юм шиг санагдаад байна. 76 мангуу, 76 ямаа гэж цоллуулах яаж бодсон ч тухайн хувь хүнд хэцүү шүү дээ.  “УИХ-ын X тойрогт ноён Банхар өрсөлдөж байна. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээр сонговол” гэж ирээд л сонгуулийн сүртэй сурталчилгаа болно доо. Тэгээд ноён Банхарын орлогчоор эзэд нь ажиллана биз. Вашингтоны нэг байранд хэрэгжүүлж байгаа энэ санааг бид л чулуу болгочихвол болох нь тэр шүү. Ад үзэгдээд байдаг зарим гишүүний маань санаа нь амарна даа. Нөгөө талаас нь харвал нохой хар тамхи илрүүлж чаддаг, хашаа хороогоо хамгаалдаг, эзэндээ үнэнч гээд түүнд одоогийн улстөрчдөд байхгүй үнэт чанар оршдог биз дээ. Ер нь л бодоод байхад хамгийн зөв шийдвэрийг нохой гаргах үндэстэй санагдаад байгаа юм. Тэр дундаа сүр бараатай монгол банхрыг УИХ-д сонговол гаргачихвал надад лав санаа зовох шаардлага гарахгүй дэг.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж