Нүүрс экспортлох боомтууд ачааллаа дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Нүүрс экспортлох боомтууд ачааллаа дийлэхгүй байна

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт болсон “Coal Mongolia-2011” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарантай нүүрсний салбарын ирээдүйн талаар ярилцлаа.

-Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарт хүчтэй, шинэ тоглогч болох нь нэгэнт тодорхой боллоо. Энэ хэрээр хөрөнгө мөнгө ч их орж ирэх нь. Ийм үед төр засаг юуг анхаарах ёстой вэ?

-Сүүлийн үед баялгийнхаа нөө­цөд эрдэж, хэтэрхий улстөржсөн, тун­хаглал, мөрөөдлийн шинжтэй зүйл ярьдаг хүн олон болсон байна. Бүгд л их мөнгөний тухай ярьж байна. Тэгж болохгүй. Монголын баялаг руу чиглэсэн асар их мөнгөний урсгалыг үертэй зүйрлээд бодъё. Тэгвэл энэ үерт дайруулаад өнгөрөх уу, дун­дуур нь эвтэйхэн залуурдаад явах уу, эсвэл бүр далимдуулаад хүссэн газраа хүрэх үү гэдэг нь төр засгийн бодлого шийдвэрээс хамаарна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед яг юу болоод байгааг ухаарч тэрхүү нөхцөл байдалд тохирсон бодит үйлдэл хийж байхгүй бол эрсдэл байнга хажууд байна гэсэн үг.

-Үндэсний компаниуд дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд техник технологи, боловсон хүчин гээд олон талаараа өсөх шаардлага бий. Үүнд ямар дэмжлэг хэрэгтэй вэ?

-Манай улсын нүүрсний салбарт ажиллаж буй компаниуд маш богино хугацаанд ахиж дэвшиж байна. Дэлхийн жишиг рүү ч ойртож байгаа. Энэ бол тэдний өөрсдийнх нь хичээл зүтгэлийн үр дүн. Харин төрийн эрх бүхий байгууллагаас гаргаж буй шийдвэрүүд тийм ч оновчтой байж чадахгүй байна. Шуудхан хэлэхэд төрийн бодлого хувийн хэвшлийнхний менежмент, сэтгэлгээнээс хол хоцорсон. Тө­рийнхөн араас нь чирэгдээд байна шүү дээ. Зүй нь, төр араас нь биш, урд нь явах ёстой. Энэ тал дээр онцгой анхаарах шаардлага бий. Өнөөдөр бидэнд маш ойрхон асар том зах зээл бэлэн хүлээж байна. Монголд байгаа нүүрсийг Хятадад зарах гээд Америк, Канадаас ирж өрсөлдөж байгаа. Тэгвэл өөрсдөө давуу талаа ашиглахын тулд Монголын Засгийн газар Хятадын Засгийн газартай нэн даруй гэрээ хэлэлцээр хийгээд аж ахуйн нэгжүүдийн харилцааг саадгүй болгоод өгөх хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөдөр төр бус, аж ахуйн нэгжүүдийн удирдлага Хятадын төртэй ярилцаж, хэл амаа ололцох гэж үйлээ үзэж байна шүү дээ. Тиймээс төр засаг аж ахуйн нэгжүүдийнхээ урд нь гарч явмаар байна.

-Монголын төр уул уурхай, дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх бодлогын шийдвэрүүдээ гаргасан. Харин ч боломжийн ажиллаад байгаа юм биш үү?

-Төрийн эрх бүхий албанд ажиллаж буй цөөн хэдэн хүн өөрсдийн санаа бодлыг цаасан дээр буулгачихаад түүнийгээ төрийн бодлого гэж нэрлэх үзэгдэл хавтгайрсан байна. Төрийн бодлого гэдэг чинь тухайн салбарт ажиллаж буй хүмүүс, мэргэжлийн холбоод, харилцагчид гээд бүх талын санал бодлыг харгалзсаны үндсэн дээр боловсруулсан стратегийн төлөвлөгөө байх учиртай. Гэтэл хэний ч саналыг сонсохгүйгээр төрийн ордонд сууж байгаад л нүүрсийг ямар замаар экспортод гаргахыг шийдэж байна шүү дээ. Тэгээд түүнийгээ “Нэгэнт гарсан шийдвэр учраас дагахаас аргагүй” гэж тулгадаг. Ийм байж таарахгүй. Ер нь сэтгэх байдал, хийх хэрэгжүүлэх гээд бүх талаараа хол хоцорчихсон хүмүүс оновчтой шийдэл гаргах ямар ч боломжгүй. Төр засаг гаргасан шийдвэрээ дагаж, мөрдүүлэхийг хүсч л байгаа бол ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ өмнө гарч, түрүүлж хардаг л байх ёстой.

-Тухайлбал, төрийн бодлогын чухам юу нь болохгүй байна гэж?

-Жишээ нь, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого буюу УИХ-ын 32 дугаар тогтоол энэ салбарынхны үйл ажиллагаанд огт нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл ачаа, худалдан авагч нь бэлэн болчихсон. Төмөр зам барих бүх зураг төслийг нь хийчихсэн, хөрөнгө нь бэлэн болоод ажлаа эхэлж байхад зогсоочихсон. Яагаад нүүрсний экспортыг хойш­луулаад байгаа юм. Бүү мэд. Үнэгүй болохыг нь хүлээгээд байгаа юм уу. Тавантолгойгоос Сайншанд хүртэл төмөр зам тавьж өгөөч гэж хэн ч гуйгаагүй. Харин урд хил рүүгээ эхлээд төмөр зам тавихыг бүгд дэмжиж байгаа. Тэгэхээр төрийн бодлого гэж хэний төлөө бодлого гэдэг нь ойлгомжгүй байна. Аливаа бодлого шийдвэр эдийн засгийн үр өгөөжөөсөө хамаараад эрэмбэ дараатай байдаг. Үүнийг хэн ч ойлгоно. Ойлгохын тулд заавал өндөр мэдлэгтэй байх шаардлагагүй. Бэлэн байгаа түүхий эдээ бэлэн төмөр замаараа гаргаад бэлэн мөнгөтэй залгах нь хамгийн ашигтай гэдэг нь ойлгомжтой биз дээ. Хятад руу нүүрсээ гаргалаа гээд ганц орноос хараат болчих юм шиг яриад байгаа. Тэртэй, тэргүй зах зээл нь юм чинь яах юм бэ. Харин ч Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын кокосжих нүүрснээс хараат болчихоод байгааг ойлгох хэрэгтэй. 
            
-Энэ талаар хаа, хаанаа их л ярьж байгаа шүү дээ?

-Яриад л байгаа болохоос хийхгүй байна. “Махны бизнест ченжүүдийн оролцоо их байгаагаас үнэ нь хэт өсч иргэд ядуурч байна. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэх мэт прадокс юм байнга л ярьдаг. Нүүрсний салбарт ч адилхан. Манай компаниуд нүүрсээ яг эцсийн хэрэглэгчид бус, ченжүүдэд л чүү, ай хүргэж өгч байна. Эцсийн хэрэглэгч биш юм гэхэд ядаж олон улсын зах зээлд хүргээд зардаг бол өөр хэрэг. Тэр боломжийг нь олгохын тулд Монголын төр олигтой ажил хийхгүй байна.

-Нүүрс олборлолтын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Харин боомтуудын хүчин чадал үүнийг дийлэх үү?

-Яг одооноос дийлэхээ больж байна. Байгаа ганц “цорго” нь бөглөрчихлөө шүү дээ. Тэгэхээр араас нь түлхээд байх бус, “нүх”-ийг нь томосгох, олон болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Манай улсын нүүрсний нөөц хэтэрхий бага хэмжээтэй дуусчих гээд байгаа бол хамаа алга. Хадгалж болно. Гэтэл 160 тэрбумаар хэмжигдэх нөөцтэй байж юуг нь хүлээгээд байгаа юм бэ. Бушуухан л үнэд хүргэж худалдах нь ашигтай. Гэтэл УИХ-ын зарим гишүүн “Хамаг нүүрс зөөгөөд дуусч байгаа юм билээ” гэх мэт хариуцлагагүй үг хэлээд олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна. Үүний оронд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар ганц ч гэсэн алхам хийгээсэй.    

-“Coal Mongolia-2011” чуулга уулзалт үр дүнтэй болж чадав уу?

-Дэлхийн улс орнуудын эдийн засаг хөгжихийн хэрээр хэрэглэж буй түүхий эдийнх нь эрэлт хэрэгцээ, үнэ ханш тогтмол өсч байна. Ялангуяа урд хөршид хүнд үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаа учраас Монголын нүүрс үнэд орох нь гарцаагүй болсон. Яг ийм эгзэгтэй үед монголчууд өөрсдөө анх удаа нүүрсний салбар дээр төвлөрч олон улсын хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Өнөөдөр алт, зэс, уран гээд өндөр үнэ бүхий баялаг чухал мэт санагдавч хамгийн гол амин зуулга гэдэг утгаараа нүүрсний салбарт дэлхий нийтийн анхаарал төвлөрч байна. Ийм үед нүүрсний салбарын бодит мэдээллийг харилцан солилцож, талуудын санал бодлыг сонсох нь нэн чухал. Энэ утгаараа “Coal Mongolia-2011” ихээхэн үр дүнтэй боллоо гэж бодож байна.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж