Барилгын салбарынхан дөжирчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан дөжирчээ

Иргэдийн дунд явуулсан судалгаанд нийт хэрэглэгчийн 68 хувь нь “Бидний эрх ашиг ямар нэг байдлаар зөрчигдөж байна” гэсэн хариултыг өгч байжээ. Тухайлбал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, эрүүл мэнд, барилгын салбарт хэрэглэгчдийн эрх ашиг ихээр зөрчигддөг аж. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанид өнгөрсөн сард шалгалт хийжээ. Шалгалтаар Улсын комисс хүлээж аваагүй орон сууцанд иргэдийг оруулсан зөрчил нэлээд илэрсэн байна. Мөн иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгоогүй 400 гаруй тохиолдол бүртгэгджээ. Илэрсэн зөрчлүүдээс хамгийн ноцтой нь сантехникийн чанаргүй материал ашигласан, талбайн хэмжээ дутуу, хана, цонх нь стандартын шаарлагад нийцээгүй зэрэг зөрчил байв. Голлох зөрчлүүд нь Баянгол дүүрэг X хороололд “Эск инженеринг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 65-р байр, “Шилмэл шилтгээн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэгт байрлах “Дүнжингарав” хороолол, “Эко констракшн” ХХК-ийн хэд хэдэн барилгад илэрчээ. Холбогдох газруудаас энэ төрлийн шалгалтыг олон удаа явуулж мэдээлэл хийдэг ч 200 мянгаас 10 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авахаас хэтэрдэггүй байна. Харин хэдэн тэрбумын өртөгтэй барилгыг барьж, ашиглалтад оруулдаг компаниудын хувьд энэ торгууль арга хэмжээ болж чадахгүй байгааг хаа, хаанаа хүлээн зөвшөөрдөг.

Шалгалтаар сүүлийн үед ба­рилга барьж буй компаниуд барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж, хямд материал ашиглах зөрчил гарах нь ихэссэн гэх мэдээллийг өгч байв. Тухайлбал, “Эск инженеринг” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 65-р байрны дотор хануудад хөнгөн блок ашиглах байсан ч барилгын зураг төслийг өөрчлөн “Их цагаан хэрэм” хэмээх компанид үйлдвэрлэсэн гадна ханын хөөсөнцөр хавтан гэх шинэ бүтээгдэхүүн ашигласан байжээ. Тэрхүү бүтээгдэхүүн нь барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны газруудаас ямар ч зөвшөөрөл аваагүй, чанарын болон тохирлын гэрчилгээгүй эд байж. Үүнээс болж хоёр айлын хоорондох дуу чимээ чөлөөтэй сонсогдож иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байгаа аж. Мөн “Шилмэл шилтгээн” ХХК-ийн “Дүнжингарав” цогцолборын гадна талын шугам, хоолой нь эвдэрснээс болж эрүүл ахуйн шаардлага хангахгүй ундны ус нийлүүлж байжээ.

Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шалгалтад хамрагдсан компаниудад одоо  ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Бидний зүгээс заасан хугацаанд зөрчлөө арилгахыг шаардаж байгаа. Ийм зөрчлүүдийг олон нийтэд мэдээлж, орон сууц худалдан авах иргэдэд сэрэмж өгөх хэрэгтэй байх.

-Дээрх компаниудад хэчнээн төгрөгийн торгууль ногдуулав?

-Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж “Эск инженеринг”, “Эко констракшн” ХХК-ийг тус бүр 10 сая төгрөг, “Шилмэл шилтгээн” ХХК-ийг 200 мянган төгрөгөөр торгоод байна.

-Торгуулийн хэмжээг  хангалтгүй гэдэг байх аа?

-Бид хуульд өөрчлөлт оруулдаг эрхтэй хүмүүс биш. Зөрчил дутагдлуудыг арилгах тал дээр шалгалтад хамрагдсан компаниудтай уулзаж ярилцах байх.
Нийслэлийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын ажлын албаны дарга Ч.Буянхишигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Та энэ шалгалтад иргэдийг төлөөлж оролцсон гэлээ. Иргэд орон сууц авахдаа ямар зүйлийг анхаарах ёстой юм бэ?

-Бүгд чанарын шаардлага хангахгүй байна гэж ойлгож болохгүй. Ер нь шинэ орон сууцанд орж байгаа иргэл өөрсдөө анхаарах хэрэгтэй. Тэд орон сууцны барилга гүйцэтгэгчийн эрх ашигт үйлчилсэн  гэрээнд гарын үсэг зурчихдаг. Гэрээгээ сайн уншиж өөрсдийн эрх ашгаа бодох хэрэгтэй. Мөн иргэд барилгын материалын чанарыг нь бодолцож үзэх хэрэгтэй байна. Энэ шалгалтаар шаардлага хангахгүй цонх, хаалга ашигласан олон зөрчил илэрсэн. Гэтэл бид цонх, хаалганы стандарт гээчийг аль 2008 онд гаргасан байдаг.

-Ноцтой ямар зөрчлүүд илрүүлсэн бэ?

-Сантехникийн чанаргүй материал ашиглах явдал их байна. Нэг айлын тодорхой жишээ ярихад, гал зуухных нь өрөөний шал бамбалзаж байна. Яасан гэхээр давхар хоорондын ханын завсар ус алдаад жил болчихсон байгаа юм. Үүнээс болж давхрын  гол тулгуур ханыг буулгах дээрээ тулж байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж