Л.Гансүх сайдын асуудлаар АТГ-т өнөөдөр хандана

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайдын асуудлаар АТГ-т өнөөдөр хандана

Үндэсний шинэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянгын гэрт өнгөрсөн баасан гарагт цагдаа нар дайран орж, түүнийг цагдаагийн газар руу хүчээр авч явах гэж байна гэсэн мэдээллийг аван тэдний  гэрт очсон юм. Биднийг очиход цагдаагийн дуут дохиогоор тоноглосон, цонхнууд нь хар тень бүхий жижиг оврын автобус байрных нь гадаа байлаа. Гэрт нь ороход энгийн хувцастай хэдий ч хүчний байгууллагаас яваа нь илт том биетэй, ширүүн харцтай нэгэнтэй хамгийн түрүүнд тулгарав. Харин О.Магнай, Ж.Батзандан болон “Эрс шинэчлэл” хөдөлгөөний удирдлагууд гал тогооных нь өрөөнд ширээ тойрон суусан байлаа. Түүнчлэн Г.Уянга өлгийтэй хүүхдээ тэврэн үүдэнд нь зогсч буй цагдаа нарт хандан “Явж чадахгүй” хэмээн хэлсээр угтсан юм. Болсон үйл явдлын талаар Г.Уянга ийнхүү ярилаа.

-Таныг ямар үндэслэлээр албадан авч явах гэж ирсэн юм бэ?

-Манай нөхөр А.Баатархуяг   БОАЖ-ын сайд Л.Гансүх  хаус авсныхаа дараа “Ухаахудаг” -аас Гашуун сухайтын боомт хүртэл зам барих зөвшөөрөл  өгсөн  тухай бичсэн. Үүнийх нь төлөө Л.Гансүх сайд А.Баатархуягийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн. Гэхдээ энэ хэрэг нь дөрвөн удаа буцсан боловч нэхэмжлэлээ өөрчлөн дахин, дахин гомдол гаргасаар байгаа. Харин энэ нийтлэлийнх нь тухай би өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өлсгөлөн зарлаж байхдаа хүмүүст хэлсэн юм. Үүний дараа Баянгол дүүргийн цагдаагийн хэсгээс надаас  байцаалт авмаар байна гэхэд нь миний бие муу, эмнэ­лэгт хэвтэж бай­сан. Тухайн үед эмнэлэгт ирээд намайг ямар бай­гааг хараад яв­сан атлаа А.Баатархуягийн хамт­рагч гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэсэн байсан. Тэгээд одоо албадан авч явах гээд энд ирчихсэн байна. Би явахгүй. Эхлээд Л.Гансүх сайдыг шалгаад буруутай эсэхийг минь нотолсныхоо дараа цагдаа дээр авч оч гээд байж байна.

-Өмнө нь ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй юм уу?

-Өгөөгүй. Манайд өглөөний 11 цагийн үед цагдаа нар орж ирээд, албадан авч явна гэсэн. Оруулахгүй гэхэд дайрч орж ирэн 15 цаг хүртэл байж л байна.

Түүнийг албадан явч явахаар ирсэн Баянгол дүүргийн цагдаагийн ахмад Н.Баттөмөр “Бид Г.Уянгаас цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа хүссэн. Хуулинд дуудаад ирэхгүй байгаа хүнийг албадан ирүүлнэ гэсэн  заалт байдаг. Харин тэр ирээгүй. Тиймээс одоо албадан авч явахаар ирсэн байгаа нь энэ. Хөхүүл хүүхэдтэй хүн цагдаагийн газарт очиж, мэдүүлэг өгч болохгүй гэж ямар нэгэн хуулийн заалт байхгүй. Би ажлаа хийж яваа цагдаагийн ажилтан” хэмээн Г.Уянгыг авч явахаар зогссоор байсан юм. Энэ үед ширээ тойрон суусан иргэний хөдөлгөөнийхөн цагдаагийн ахмад Н.Гантөмөрт айл гэрийн халдашгүй дархан байдлыг эвдэн орж ирэх эрхгүйг нь сануулж байсан юм. 

“Та нар авлигачдын гар хөл болж, түүнийг нь илчилсэн хүмүүсийг барихаар ирэхийн оронд авлигачдаа барих ёстой. Сайдын гэрт  ингэж хүчээр орж зогсч чадах уу. Бид Г.Уянгыг өгч явуулахгүй. Хэрэв авч явна гэвэл тэр бамбай барьсан, тусгай хувцастай цагдаа нараа авчир. Бид ч гэсэн тэдэнд чинь өгөх хариугаа бэлдээд хүлээж байя. Ер нь ямарваа нэг хэрэг баасан гарагт эсвэл баяр ёслолын үеэр болдгийн нэг жишээ нь энэ байна” гэх үгсийг иргэний хөдөлгөөнийхөн хэлж байлаа. А.Баатархуягийнх О.Магнай, Ж.Батзандан нарынхтай хөрш учир тэднийд цагдаа нарын дараахан ирсэн  хүмүүс нь тэд аж.
Энэ үеэр Г.Уянгын нөхөр, сэтгүүлч А.Баатархуягаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Л.Гансүх сайдын Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн нэхэмжлэл юу болсон бэ?

-Би Оюунбаатарыг  өмгөөлөгчөөрөө сонгосон. Харин Л.Гансүх сайд энэ бүхнийг зөвшөөрөөгүй гэсэн. Тиймээс шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан шигээ тодорхойгүй шалтгаанаар дахин хойшлуулсан. Үүнээс гадна иргэний нэхэмжлэх гэсэн үндэслэлээр Л.Гансүх сайд намайг Баянгол дүүргийн шүүхэд дахин өгсөн байгаа юм.

-Энэ бүхний эсрэг та ямар арга хэмжээ авах вэ?

-Даваа гарагт /өнөөдөр/ Авлигатай тэмцэх газарт хандана. Энэ бүхнийг шалгаж байж л намайг хэрэгтнээр татах ёстой шүү дээ. Гэтэл миний шүүх хурал дөхөөд ирэхээр л эхнэр, хүүхдээр маань оролдоод эхлэх юм. Уг нь бичсэнийг нь биш бичүүлснийг нь шалгах хууль үйлчилдэг баймаарсан. Гэтэл манайд бүх юм эсрэгээрээ байна.

-Мөрдөн байцаагч Г.Уянгад байцаалт өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан ч ирээгүй гэж байна?

-Хамгийн гол нь цагдаагийнхан өвчтэй байхад нь зүгээр хэдэн асуулт асууна гэж худал хэлснээ байцаалт авсан мэт биччихээд хэрэг үүсгэж байгаа нь байж болохгүй асуудал биз дээ.

Гэрт байсан хүмүүс ийн ярьж байлаа. Энэ бүхний эцэст мөрдөн байцаагч залхсан бололтой Г.Уянгыг энэ сарын 28-нд буюу өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт ирэхгүй бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74-дүгээр зүйлийг баримтлан, албадан ирүүлэх эсвэл нэг сарын хөдөлмөрийн хөлсийг нь 1-4 дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно гэсэн зарлан дуудах хуудас өгөх гэсэн юм. Харин Г.Уянга түүнийг нь хүлээж авсангүй. Хүлээж авахгүй гээд гарын үсгээ ч зурсангүй. Учир нь тэрбээр цагдаагийнхан гарын үсгийг нь баримт болгож, баривчилна гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж