Барилгын компаниудыг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Барилгын компаниудыг шалгажээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас чанаргүй барилга барьж хэрэглэгчдийг хохироож буй компаниудын  талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газраас барилга нь чанарын шаардлага хангаагүй, талбайн хэмжээ дутуу мөн хана, цонхны стандартын шаарлагад огт нийцэхгүй байна гэсэн иргэдийн санал гомдол ирсний дагуу барилгын компаниудыг шалгасан байна. Хэрэглэгчдээс хамгийн их  гомдол ирсний дагуу  Баянгол дүүрэг дэх X хороололд "Эск инженеринг" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 65-р байр, Баянзүрх дүүрэгт "Шилмэл шилтгээн" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан "Дүнжингарав" хороолол, "Эко констракшн" ХХК-ийн барьсан Баянзүрх хотхоны барилгуудыг шалгахад шаардлага хангаагүй нь тогтоогджээ.   Дээрхи компаниуд Улсын комисс хүлээн аваагүй байранд оршин суугчдыг оруулсан, оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохгүй чирэгдүүлэх, зарим компани барилгын чанаргүй материал ашигласан, халаалт, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангаагүй байжээ.   Тиймээс Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж "Эск инженеринг", "Эко констракшн" ХХК-ийг тус бүр 10 сая төгрөг, "Шилмэл шилтгээн" ХХК-ийг 200 мянган төгрөгөөр тус тус торгосон байна.

Ш.Оюун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж