Ооскагийн тэмцээнд шавь нар нь илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Ооскагийн тэмцээнд шавь нар нь илүүрхэв

Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга, Зүүн Азийн наадмын аварга, Дэлхийн цомын хүрэл медальт Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит хөнгөн дөрвөн жингийн олон хотын тэмцээн өнгөрөгч бямба гаригт Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд боллоо.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд түүний багш, дархан аварга Х.Баянмөнх, гавьяатын дотны найз, даян аварга А.Сүхбат, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МЧБХ-ны генсек Д.Бат-Эрдэнэ, Паралимпийн аварга Д.Баатаржав, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин Д.Нармандах, Улсын гарьд Б.Гантогтох, Улсын заан Д.Бумбаяр, дэлхийн аварга С.Батцэцэг нарын түүнийг спортын замналд хөтөлсөн багш дасгалжуулагч нар, ирээдүйд залгамж халааг нь үргэлжлүүлэх шавь нар нь, нэгэн үе түүнтэй хамт чөлөөт бөхийн дэвжээнд хүч үзэж явсан үе тэнгийнхэн, их спортод амьдралаа зориулсан найз нөхөд, Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид гээд ойр дотныхон нь хүрэлцэн ирсэн байлаа.

Гурав дахь жилдээ уламжлал болгон зохиогдсон тус тэмцээнд Монголоос гадна ӨМӨЗО, Өвөр Монголын Ганьсү муж, АНУ, Тувагийн 20 байгууллагын 114 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээн чөлөөт бөхийн хөнгөн дөрвөн жин болох эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66 кг-д аваргуудыг тодруулдаг бөгөөд О.Пүрэвбаатарын өөрийнх нь дасгалжуулдаг “Олимп” сургуулийн тамирчид хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр илүүрхсэн бол хоёрдугаар байрт Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай “Мега Стар” клуб, харин гуравдугаар байрт Ц.Цогтбаяр дасгалжуулагч “Алдар” спорт хороо шалгарчээ.

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит гурав дахь удаагийн тэмцээний дүн:

50 кг:
Алт: Ж.Баярхүү /Мега стар клуб/
Мөнгө: С.Батболд /ҮБТДС/
Хүрэл: Ө.Тогтохбаяр /Орхон аймаг, Ирээдүйн одод/
Хүрэл: Г.Отгонбаатар /Олимп сургууль/

55 кг:
Алт: Б.Номин /Олимп сургууль/
Мөнгө: Ч.Шинэбаяр /73-р сургууль/
Хүрэл: Н.Лхамгарваа /Алдар спорт хороо/
Хүрэл: Х.Сүх-Очир /Тэмүүжин/

60 кг:
Алт: Б.Нямдорж /73-р сургууль/
Мөнгө: Б.Хаш-Эрдэнэ /Алдар спорт хороо/
Хүрэл: С.Батболд /Олимп сургууль/
Хүрэл: Х.Ундрахбаяр /Олимп сургууль/

66 кг:
Алт: Г.Идэрхүү /Олимп сургууль/
Мөнгө: Тулгуур /ӨМӨЗО-ны Ганьсү муж/
Хүрэл: Б.Батмагнай /Алдар спорт хороо/
Хүрэл: Б.Өлзийсайхан /Мега стар клуб/

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж