
Харин тэдний зуршлаас хамаагүй их халдварлаад байвал хайранчиг болох намууд захаас аваад олон гэдгийг бусад нам мартах болсон нь юуны учир вэ. Хамгийн сүүлд гэхэд Ногоон намын үүсгэн байгуулагчид “Ногоон намыг аврах хөдөлгөөн” гэгчийг байгуулахаар сандал, ширээ булаацалдах болж. Ногоон өнгөөр улс төр хийж, ногоон үзлийг “номлогч” энэ намыг парламентад ортол нь карьерийг нь өсгөсөн Д.Энхбат даргын хувьд энэ бүх эсэргүүцэл хүнд тусах нь ойлгомжтой.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийг ирэхэд ногоон лоозон барьж, бяцхан улс төр хийснээс илүүг хийж чадаагүй Ногоон намын анхдагчдын хувьд тэд хэзээ мөнхөд Д.Энхбатад талархах их өртэй хүмүүс. Их өрийнхөө төлөөсийг талархлаар бус талцлаар хариулж буй тэд Ногоон намаа авч үлдлээ гэхэд урагшаа хоёр биш нэг ч алхаж чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй биз. Учир нь, тэд бяцхан улс төрөөр “бяц” авч чадахгүй нь ойлгомжтой. Ийн эгдүүцмээр үйлдэл гаргаж, суурин дээрээ хэд эргэлдэж байхад нь Иргэний зориг намын ганц дарга, ганц нүүр царай нь байж ирсэн С.Оюун гишүүн эмэгтэй хүний мөн чанарыг энэ цагийн улс төрд дахин харуулав.
Арай ч дээ гэмээр түүний үгсийг аргагүй том улстөрчийн буурь суурь гэж дүгнэвэл харамсалтай хэрэг болно. Учир нь тэрбээр Ногоон намынхны дотоод эсэргүүцэлтэй зэрэгцээд “Ногоон намынхан л анх нэгдэх санал гаргасан. Дотооддоо асуудлаа шийдэж чадахгүй бол нэгдээд байх шаардлага манай намд байхгүй. Үнэхээр ичгэвтэр санагдаж байна. Том зорилгоо харж чадахгүй бол өөрсдөө л онигоо болно биз” гэдэг үгийг хэвлэлээр хайр найргүй урсгав. Болоо ч үгүй бас утгачилбал “Нэгдсэн ч яалаа. Нэгдээгүй ч яалаа” гэх өгүүлбэрийг үг бүрийнхээ араас дайжээ. Уг нь тэрбээр сар орчмын өмнө л хэвлэлийнхнийг цуглуулж “Иргэний зориг намд Ногоон нам нэгдэх тухай” гэсэн гэрээнд гарын үсэг зурж, хамтдаа урагшлах тухай сайхан үгсийг хэлж суусан. Гэтэл сарын дараа “Нэгдэхгүй байхад яах вэ дээ” гээд хэнэг ч үгүй үл тоомсорлож байх юм. Улс төр хийх аргаа ийм богинохон хугацаанд өөрчилж, улстөрчийн карьерийг зөвхөн өөрийнхөө намтраар тодорхойлох нь түүний хувьд хэр оновчтой юм бол. Парламентын түүхэнд үсрээд л хоёрхон суудалтай байж үзсэн Иргэний зориг намын хувьд олны өмнө гаргаад ирэх ганц лидер нь С.Оюун гишүүн мөн үү гэвэл мөн. Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт тус намын тэргүүн С.Оюун хийгээд хоёрдугаар эгнээнийхэн сайд хийж үзсэн үү гэвэл үзсэн. Өдгөө ч төрийн дунд зэрэглэлийн албанд намынх нь ганц нэг залуус даргын алба хашиж байгаа нь худлаа биш. Гэвч энэ бол Иргэний зориг намын иргэн нь хаана байна вэ гэж асуухад хариулт олдохгүй гэдгийг илэрхийлэх үнэлэмж.
Худалч хүнд Дорнодоос өөр аймагт ИЗН-ынхан гээд байх баг байхгүй. Ганц том группийг тойрсон залуусыг нь эс тооцвол гишүүнчлэлийн хүчтэй хуримтлал энэ намд байхгүй. Ийм атлаа бусадтай нэгдэх болохоороо байсхийгээд л салчихна. Гэхдээ ганц сайн тал нь бусадтай нэгдэхээрээ салж сарнидаг ч ганц хүнийг бол тахин шүтэх барилдлагаагаа хэзээ ч алддаггүй. Үүнийг нь С.Оюун гишүүний бат бөх намын даргын алба гэрчилнэ. Харин энэ удаад арайхийн “Д.Энхбатыг Иргэний зориг-Ногоон намын дарга болгоно” гэсэн гэрээнд гарын үсэг зурчихаад байсан. Гэтэл одоо мөнөөх Д.Энхбатыгаа орхих нь бараг л тодорхой болов. Мэдээж Д.Энхбат нь Монголын Ногоон намаа орхиж, Иргэний зориг намд элсэхгүй л бол шүү дээ. Харамсалтай нь Д.Энхбатыгаа шийдвэр гаргахаас өмнө С.Оюун нь анхнаасаа цөөхөн хүний атгасан гар дээр суурилж ирсэн хувь ганц Иргэний зориг намын даргынхаа хувьд “Элсүүл элс. Боливол боль, боль” гэсэн шигээ сууж байна.
Нөгөө улс төрийн том зорилго нь хааччихсан юм бүү мэд. УИХ-ын 2012 оны сонгуульд эвсч орохгүй л бол парламентыг хэчнээн зүүдлээд ч хэцүүхэн үр дүн гарна гээд байсан тэр холын бодлоо хаана гээчихсэн нь ч ойлгомжгүй. Ардын нам хийгээд Ардчилсан намын хамтын сонирхлоор батлагдах Сонгуулийн тухай нэмэлт, өөрчлөлт өөрсдөд нь боломж олгохгүй гэдгийг бүр ч тооцоолохоо больж. Уг нь хоёр, гурван сарын өмнө бол их л сайн ойлгоод, бодоод байх шиг байсан. Гэтэл одоо бол хүч зузаатгах сонгуулийн төлөвлөгөө битгий хэл өөрөөс нь бусад нь улс төрийн намыг нэг зорилгын дор нэгтгэж чадахгүй мэт бодоод байж ч болох юм.
Гагцхүү тэрбээр ийн олон өдрийн наана цаанаас өөр, өөр санаа илэрхийлж суухаар өнөөдрийг хүртэл ИЗН-аас олонд хүлээн зөвшөөрөгдсөн С.Оюун гэдэг хүнээс өөр улстөрч яагаад өсч өндийж чадахгүй байгаагийн шалтгааныг нь олж харах хэрэгтэй байж болох юм. Дээр нь, өөрийнхөө намд өөрөөс нь өөр хүн бараг л байхгүй гэдгийг мэддэг шигээ Ногоон намыг ч бас ганц хүнээр төсөөлж бодоод алдчихсан гэдгээ яагаад ойлгож болохгүй гэж. Тэгээд ч улс төрийг дандаа хөөрхөн болгож хараад байдаг гишүүдийнхээ “хэл, хөл“ хоёрыг зэрэг ажилд оруулахгүй бол Иргэний зориг намын ирээдүй ч бас нэг л өдөр Ногоон нам шиг болж мэдэх юм шүү. Итгэл үнэмшлийнхээ төлөө гэх тэмцэл хэзээ нэгэн цагт ардчиллыг бас хүсэх нь бий шүү дээ. Алийн болгон өөрсдийгөө хөөрхөн улс төрийн хөөрхөн оролцогч гэж итгээд явав гэж дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин