”Нээлттэй хаалганы өдөр” боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

”Нээлттэй хаалганы өдөр” боллоо

Дархан сумын нутаг дэвсгэр дээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа бүхий л сургууль цэцэрлэгүүд энэ өдрүүдэд нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Улсын тэргүүний 18 дугаар цэцэрлэг нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, энэ үеэр эцэг эхчүүддээ 2010 онд шинээр хийгдэж сургалтанд ашиглагдаж байгаа сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн сонирхуулж, биеийн тамирын кабенитад хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагааны үзүүлэх сургалтыг сонирхууллаа. Мөн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэгдэж байгаа хүнсний материал болон илчлэг норм, хоолны дээжээс үзэсгэлэн гаргасан байсан юм. Цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс 2010 онд хийсэн хөрөнгө оруулалт, бусад үйл ажиллагааны тайлангаа тавьж, цэцэрлэгийн зөвлөлийн тайланг хэлэлцсэн байна. Харин үйл ажиллагагаа нээлттэй болгож, нэг өдрийг эцэг эхчүүддээ хандуулсан цэцэрлэгийн хамт олныг эцэг эхчүүд үнэлж байгаагаа ч хэлж байсан.

Мөн аймгийн тэргүүний дөрөвдүгээр цэцэрлэг ч нээлттэй нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Засгийн газрын  аймаг сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг сурталчлан, нээлттэй хичээл явуулж, эцэг эхчүүдийг ч өргөнөөр хамруулснаа хэлж байна. Нээлттэй хичээлд 70 гаруй эцэг эх оролцож, 295 хүүхэд багш ажиллагсад нээлттэй нэг өдөр үйл ажиллагаанд идэвхтэй хамрагджээ. 2010-2011 оны хичээлийн жилд зохион явуулсан хүүхэд хөгжүүлэх болон бусад үйл ажиллагааныхаа мэдээллийг цахим хэлбэрээр ч эцэг эхчүүдэд танилцуулсан байна. Гарын доорх материал ашиглан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа хэрэглэж байгаагаа ч биетээр нь үзэсгэлэн болгон гаргасан байсан нь олон хүний сонирхлыг татаж байсан юм.

Аймагтаа ганцхан “Монгол жаал” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг тавдугаар цэцэрлэгийн хамт олон “Хүүхэд нэг эрдэнэ хүмүүжил мянган эрдэнэ” хэмээх аяныг өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд мэндлэх хүндлэх ёс, найзаасаа уучлалт гуйх, аав ээж ахмад хүмүүсээ хүндлэх, ардын ерөөл магтаал золголтын талаар суралцаж байна. Мөн энэ 2-р сард монгол наадгай талаар хүүхдүүддээ таниулж байна. Шагайн наадам, хөлөгт тоглоом, шагай шүүрэх, алаг мэлхий өрөх, морь уралдуулах гээд хүүхдийн оюуныг хамгийн ихээр хөгжүүлдэг оньсон тоглоомуудаар ч хүүхдүүд наадацгааж байгаа юм. Хүүхдүүдэд ч үндэснийхээ тоглоом наадгайгаар тоглох хүсэл их байдаг талаар багш нар нь ярьж байсан. Хүүхдүүдэд монголын уламжлалт зан заншил, хэл соёлоос заан сургаж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа үндэсний бүхнийг шингээхийг зорьдог сумын тэргүүний 5-р цэцэрлэг өнөөдөр нээлттэй нэг өдрийг зохион байгуулсан юм. Энэ үеэр хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнажээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж