Монголчуудын хувьд, айхаасаа арзайх л болоод байна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Монголчуудын хувьд, айхаасаа арзайх л болоод байна

“Ярилцах танхим”-ынхаа энэ дугаарын зочноор монгол суд­лаач эрдэмтэн, профессор Юрий Николаевич Кручкиныг урьж ярилцлаа.

-Та өмнө нь манай сонинд өгсөн ярилцлагадаа ураныг эс тооцвол Монголын ашигт малтмалд Оросын сонирхол байхгүй гэж хэлж байсан. Монголын уран хойд хөр­шийн сонирхлыг юунд тэгж их татна вэ?

-Тэр ярилцлага гарсны да­­раа томчууд, сайд, дарга на­­раас нэлээд олон хүн асууж, тодруулах зүйл байна хэ­мээн надтай холбогдож бай­сан. Би бол уран гэх мэт ашигт малтмалын талаар мэр­­гэшсэн хүн биш. Гэхдээ Мон­голын нөхцөлд дан ганц ашигт малтмалын ту­хай яриад байвал нэлээд аюул­тай гэж бодож байна. Уг нь аялал жуулчлалын сал­барыг хөгжүүлбэл олох ашиг, байгаль, экологид үзүү­лэх эерэг нөлөөний хувьд ха­маагүй илүү. Зөвхөн ашигт малтмалын тухай бодоод бай­вал Монголын байгаль юу болох билээ гэдгийг бас бодол­цох л хэрэгтэй. Ураны хувьд ярихад Орос улсад энэ сал­барт мэргэшсэн боловсон хүчин, сайн техник технологи бүгд байгаа. Тиймээс хоёр орон энэ салбарт хамтарч ажиллах нь байж болох зүйл. Гэхдээ ашигт малтмалыг ашиглахдаа байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах нь чухал.

-Дорнод ураны орд га­зартай холбоотой асууд­лаар нэлээд маргаан үүсээд бай­гаа. “Хан Ресурс” ком­панийн лицензийг хурааж ава­хад Оросын томчуудын нөлөө их орсон гэж ярьдаг. Энэ талаар танд бодит мэдээ­лэл байна уу?

-Тухайн компанийн хувьд өөрсдөө судалгаагаа сайн хий­гээгүй байж ажлаа эхэлсэн.

Тиймээс нэлээд бэрхшээлтэй тул­гарсан юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаас хуулийн цоор­хой гаргахгүй байх нь чухал. Хоёр­дугаарт, АНУ, Канад, Орост ч тэр монгол хэлтэй хүмүүс бараг байх­гүй. Ийм үед гаргасан хуулиа гадаад хэл рүү хөрвүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй.

-Сүүлийн үед төмөр замын сал­бараар дамжуулж, Монголын ашигт малтмалыг оросууд хараан­даа байлгах гэж оролдож байна гэж хэвлэлд бичих болсон. Ер нь тиймэрхүү байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого байгаа болов уу?

-Миний хувьд илт анзаарагдсан юм алга байна. Монголчууд “Айхаа­саа арзайх” гэж ярьдаг. Тэр л болоод байх шиг байна. Мэдээж хэрэг то­дорхой тооны мэргэжлийн хүмүүс Монголд ирж, судалгаа, шинжилгээ хийж байгаа. Гэхдээ Оросын талаас сонирхлоо тийм их илэрхийлж байгаа нь харагдахгүй байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, сүү­лийн 100 жилийн дотор Мон­голд ажиллаж байгаа орос мэр­гэ­жилтэн, компаниудын тоо буур­­­саар өнөөдөр хамгийн бага түв­шинд хүрсэн. Одоо үйл ажил­лагаа­гаа явуулж буй “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмент”, “Улаан­баатар төмөр зам”-аас бусад ча­далтай, ирээдүйтэй компанийн хувьд Оростой ямар ч хамааралгүй бол­чихсон. Магадгүй энэ бол манай хоёр орны дипломатчдын гаргасан алдаа байж болох юм. Өмнө нь 1995 оноос визийн асуудлыг өөрчилсөн гэх зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн.

-Ийм учраас Оросын талаас харилцаагаа сэргээж, олон салбарт хамтрах сонирхлоо илүү эрчимтэй тавьж эхэлсэн байх. Тийм үү?

-Монгол бол Хятад, Орос гэсэн хоёр их гүрний хооронд оршдог улс. Тиймээс хүссэн, хүсээгүй энэ хоёр орны ашиг, сонирхлыг  тэнц­вэржүүлэх бод­лого явуулах хэрэгтэй. Ийм нөх­цөлд энд ашиглах Оросын компаниуд, мэргэ­жилтнүүдийн тоо нэмэгдэх ёстой гэж бодож байна. Магадгүй энэ нь Монголыг аврах боломж ч байж болно. Гуравдагч хөршийн тухай сүүлийн үед их яриад байгаа. Гэхдээ бодит байдал дээр үнэхээр гуравдагч хөрш гарч ирж чадав уу гэвэл бас үгүй. Би л хувьдаа тийм юм олж харахгүй байна. Яг аль салбарт гурав­дагч хөршийн нөлөө гарч ирэв гээд асуухаар хариулт нь олдохгүй. Оросын талтай харилцаагаа сэргээ­хийн тулд Наушк, Хиагтын боом­тын үйл ажиллагааг илүү өргөтгөх хэрэгтэй. Эдгээр боомтын хувьд маш сайнд тооцогдохгүй ч гайгүй гэж хэлж болох юм. Цаашлаад ви­зийн асуудал байна.

-Монголын ашигт малтмалын үнийг, тэр дундаа Тавантолгойн нүүр­сийг хямдруулахын тулд Хятад Оросоос авах импортоо нэ­мэг­дүүлж байна. Оросын тал ч үүнд нь дуртай байгаа бололтой?

-Бизнес бол бизнес. Хятадуудаас өөр юу хүлээж байсан юм бэ. Тэд Монголын нүүрсийг үнэтэй авъя гэж хэлнэ гэж найдаж байсан хэрэг үү. Үгүй. Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөн. Монголчууд 70 жилийн турш зөвхөн социалист орнуудтай харилцаж байсан. Гэтэл өнөөдөр гу­равдагч хөршийн тухай, бас Япон, АНУ, Хятадын талаар ярьж байна. Ийм үед тэдний зүгээс бизнесийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавихаас биш ахан дүүсийн харилцаа тогтоохгүй. Үүнд гайхах юм байхгүй. Мон­голчууд “Муусайн гадаадынхан ирж хамаг юм авах гэж байна” гэж яриад байна. Асуудлыг хэтэрхий нэг талаас нь харж байна. Нөгөө талаас нь ч бас бодолцож үзэх хэрэгтэй. Бас нэг хандлага байдаг.

-Ямар?

-Хятадаас ирж ажиллаж байгаа хүмүүсийг муу, муухайгаар нь дууд­даг. Гэтэл тэднийг цагаан захтай хүмүүс байна гэж хүлээж байсан юм уу. Ердөө 300-400 ам.доллараар тийм л хүмүүс ирж ажиллана. Хэт туйлшрахгүйгээр олон талаас нь асуудлыг харах хэрэгтэй.

-Сүүлийн үед манай ашигт малтмалын салбар олон улсын ан­хаарлын төвд орох болсон. Харин Орост энэ талаар хүмүүс ямар мэ­дээлэлтэй байдаг бол?

-Орост Монголын ашигт малт­малын талаарх мэдээлэл маш хомсхон байдаг. Алт олборлолттой холбоотой асуудлаар бага зэрэг мэддэг байж болох юм. Гэхдээ миний харьцдаг хүмүүсийн хувьд одоо ид яригдаж байгаа Тавантолгой, Оюутолгойн талаар бараг мэдэхгүй. Түүнээс гадна зарим нэг хуучирсан хандлага ч бий. Оросын нэг компани Монголд үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлоё гэвэл Монголын дарга нартай уулзаад учраа олчиход болно гэж. Гэтэл “Хаанаасаа хаалгач нь” гэж нэг үг бий.

-Манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарах боломжийг та яаж харж байна?

-Энэ тал дээр өнөөгийн нөхцөл байд­лыг сайн ойлгож байгаа хүмүүс Монголд бий. Жишээлбэл, надад сайд Х.Баттулгын хандлага их таалагддаг. Тэр бол хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, ингэхдээ Монголын эрх ашгийг нэлээд бодолцож үзэж байгаа хүн. “Эрдэнэт”-ийн захирал асан Х.Наранхүүгийн гаргаж байгаа тооцоо, судалгаа, саналууд маш сайн бодитой, оновчтой гэж хэлж болно. Тиймэрхүү мэргэжлийн хүмүүсийг дэмжиж ажиллах хэрэг­тэй. Нөгөө талаас маш олон чадварлаг монголчууд гадаадад ажиллаж байгаа. Тэднийг эргүүлэн татах нь чухал. Ийм жишиг аль ч оронд бий. Ерөнхий сайд С.Батболдын хувьд ч бас тодорхой зүйлийг хийж байгаа. Ер нь шийдвэрлэх асуудал цөөнгүй бий. Тухайлбал, хоёр орны хоорондын визийн асуудлыг зохицуулбал Монголын талд жилд 200 сая ам.долларын ашиг нэмж олох боломж бий. Магадгүй энэ нь гадуур хүмүүст тараагаад байгаа 21 мянган төгрөгний асуудлыг шийдвэрлэхэд ч нэмэр болж мэдэх юм.

-Иргэдэд бэлэн мөнгө тарааж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?

-Мэдээж энэ бол буруу. Мөнгө та­рааснаар хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Би ганц жишээ хэлье. Надад тусалдаг нэг монгол жолооч байсан юм. Тэр гэр хороололд амьдардаг. Таван хүүхэдтэй. Бэлэн мөнгө тарааж эхлэх үед тэр ах, эгч нарынхаа хоёр, гурван хүүхдийг өөр дээрээ бүрт­гүүлж авсан. Тэгээд “Одоо надад хот руу машинаараа явж, ажил хийх сонирхол байхгүй болсон. Гу­рил, будаа авах мөнгөө би төрөөс авчихаж байна. Хэрэв хүсвэл хааяа таксинд явна” гэж хэлсэн. Энэ бол хүмүүсийг бэлэнчлэх сэтгэ­хүй­тэй болгож байгаагийн хамгийн тод жишээ. Мэдээж хэрэг эмзэг бүлгийнхэнд туслах хэрэгтэй. Гэхдээ ид хийж бүтээх насан дээрээ байгаа 20, 30 насныханд зүгээр мөнгө өгч байгаа нь оновчгүй юм. Олон хүн тэр 21 мянган төгрөгийг ичээд авахгүй байгаа шүү дээ. Ер нь Улаанбаатар хотод нэг том асуудал байгаа.

-Ямар асуудал?

-Нийслэлд амьдарч байгаа иргэ­дийн тэн хагас нь хөдөөгийн хүмүүс. Тэд хөдөөгийн ахуй, соёлоосоо салж чадаагүй байж хотод ирсэн. Тэгээд хотынх ч биш, хөдөөгийнх ч биш нэг тийм бүлгийг бий болгоод байна. Гэр хороололд амьдарч байгаа тэр хүмүүсийн хувьд нийгмийн бо­лоод сэтгэл зүйн асуудал нь Улаан­­баатарынхнаас огт өөр. Улаан­баатарын оршин суугчдын тоо сүүлийн 20 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Шилжиж ирсэн хүмүүс нь бүгд хөдөөгийнх. Ийм жишээ дэлхий аль ч оронд байхгүй. Гадны том хо­туудад хүн амын тоо нэмэгддэг. Гэх­дээ тэдний хувьд бусад хотоос нүүж ирсэн хүмүүс л байдаг. Би Мон­голын хөдөөгийнхөнд дуртай. Тэд их цайлган  хүмүүс байдаг. Гэх­дээ хот руу орж ирснээр завсрын хү­мүүс болчихдог. Энэ нь төдийлөн оновчтой зүйл биш. Өмнө нь 2002 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекц уншиж байсан. Би түүнийг нь орос хэл рүү орчуулсан. Надад их зөв санаа гаргасан юм шиг санагддаг. Улаанбаатар хотын өнөөдрийн байдлыг хараад ганц л үг санаанд орж байна. Тэр нь “чихцэлдэх” гэж. Хүмүүс, машин, намууд, дэлгүүрүүд бүгд Улаанбаатарт “чихцэлдэж” байна.

-Одоогоос цөөхөн жилийн өмнө замын түгжрэл бараг байдаггүй байсан?

-Тийм. Одоогоос 20 жилийн өмнө Монголд ажиллаж байсан оросуудад өнөөдөр зам түгжирдэг болсон гэж хэлэхэд маш их гайхдаг. Энэ байдлаараа дахиад хоёр жил болоход Улаанбаатарт хөдөлгөөн зогсоно. Баталгаатай шүү.

-Сүүлийн үед дэлхийн улс орнуудад “Мэлрэг цэцгийн хувьсгал” их гарах болсон. Бүр Хятадад хүртэл эсэргүүцлийн хөдөлгөөн бий болоод байна. Энэ бүхэн хойд хөршийнхний санааг хэр их зовоож байгаа бол?

-Эдийн засгийн хувьд авч үзвэл нефтийн үнэ өсч байгаа гэдэг утгаараа Орост ашигтай. Гэхдээ улс төрийн тогтолцоо, тогтвортой байдлын хувьд нэлээд сөргөөр нөлөөлөх ма­гад­лалтай. Одоо Ливид болж байгаа иргэний дайн хэрхэн төгсөхөөс их олон зүйл хамаарна. Египет, Тунист хэдийгээр одоо болтол эцсийн шийдэлд хүрээгүй байгаа боловч ерөн­хийдөө харьцангуй тайван замаар асуудлыг шийдвэрлэсэн. Америк­чууд “Бид хор найруулдаггүй” гэж өөрсдөө ярьдаг. Гэвч ийм олон оронд эсэргүүцлийн хөдөлгөөн зэрэг гарахад тэд огт нөлөөлөөгүй гэж хэлбэл маш оновч­гүй дүгнэлт болно.

-Хятадад хэрэв ардчиллын тө­лөөх хувьсгал гарвал юу болох бол?

-Хэдийгээр би хятад судлаач биш ч гэсэн өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэлт хийгээд үзэхэд тэнд хувьсгал гарах арай болоогүй гэж бодож байна. Харин Хятадад үүнээс арай өөр үйл явц дэлгэрэх хандлагатай байгаа. Саяхан “Хятад улс уур хилэнтэй байна” гэж орчуулж болохуйц тийм нэртэй ном хэвлэгдсэн. Тэр номыг уншсан Хятадын залуучуудын дунд үндэсний гэхээс илүү үндсэрхэг үзэл дэлгэрэх хандлагатай болоод байгаа. Тус улсын Коммунист нам удирдах хүчнээ шинэчилж байгаа. Одоогийн удирдагчид нь залуу үеийнхэнд халаагаа өгч эхэлсэн. Тэгэхээр шинээр гарч ирж байгаа хүмүүсийн хувьд ямар бодлого баримталж, хэрэгжүүлэх вэ гэдэг нь нэлээд сонирхол татаж байгаа юм.

-Тэгвэл Орост хувьсгал гарах уу?

-Хувьсгал гарахад ямар нэгэн үндэслэл байх хэрэгтэй. Оросын том хотуудын хувьд иргэдийнх нь амьдрал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Сүүлийн үед Оросын сөрөг хүчнийхэн жагсаал их хийж байгаа. Гэхдээ иймэрхүү үйл явдал Б.Ельцин, В.Путины үед ч байсан.

Одоо ч байна. Харин энэ нь хувьсгал болж өргөжих хэмжээний хүч, нөлөөгүй. Гэхдээ би хувьдаа Оросын улс төр, боловсон хүчний бодлогыг сайн гэж хэлэхгүй. Кавказад болж буй үйл явдлаас харахад удирдах хүмүүс нь төдийлөн сайн ажиллаж чадахгүй л байгаа юм.

-Сүүлийн үед Эрдэнэтэд ажиллаж, амьдарч байгаа оросуудыг олноор нь эргүүлэн татах болсон. Энэ нь таны дээр хэлсэнчлэн хоёр орны харилцааг өргөтгөж, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийн эсрэг юм биш үү?

-Эрдэнэтэд ажиллаж байгаа  мэргэжилтнүүдийн хувьд нийгмийн халамжийн асуудал шийдэгдэхгүй байгаа. Тэдний авч буй цалин нь Оросын томоохон хүнд үйлдвэрт ажиллагсдынхаас хэд дахин бага. Тиймээс буцаан татаж байгаа.

-Гэхдээ тэд өөрсдөө Орос руу явах нэг их сонирхолгүй байх шиг санагддаг. Монголын амьдрал харьцангуй тайван. Хэдийгээр авч буй цалин нь Оросынхоос бага боловч эндэхийн амьдралын өртөгтэй харьцуулаад үзвэл харин ч бүр илүү гэж ярьцгаадаг?

-Яг Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд дийлэнх нь Кавказ гэх мэт Оросын халуун цэгүүдээс ирсэн. Тэд нутаг руугаа буцаж очих сонирхолгүй байх нь мэдээж. Түүнчлэн одоогийн байдлаар Монголын их, дээд сургуульд 800 орчим орос иргэд суралцаж байна. Магадгүй амьдралын өртгийн хувьд бага байж болох юм. Мөн Монголд олон жил амьдарч, дасчихсан хүмүүсийн хувьд Орос руу явна гэдэг хүндрэлтэй байгаа байх.

-Орос хүмүүс яагаад монгол хэл сурдаггүй юм бол?

-Монголчууд өөрсдөө оросоор сайн ярьдаг болохоор тэр биз. Гэхдээ оросуудын хувьд ер нь нэг их гадаад хэл сурдаггүй. Европын орнуудад л гэхэд нэг хүн дөрөв, таван  хэлээр чөлөөтэй ярих нь хэвийн үзэгдэл байдаг. Харин Орос өөрөө их гүрэн гэдэг утгаараа иргэд нь ч хэл сурах тал дээр анхаарал хандуулдаггүй гэж хэлж болно. Гэхдээ би үүнийг дэмждэггүй.

-Хэлний соёлын тухай яривал?

-Би Монголын сонин, хэвлэ­лүүдийг сүүлийн 30 жилийн турш уншиж байна. Над шиг ийм гадаадын хүн байхгүй байх. Тэгээд нэг зүйлийг ажигласан. Сүүлийн үед сонин хэвлэл, телевизийн нэвтрүүлэгчдийн хэлний түвшин буурч байна. Зарим хүн ингэж ярьдаг. Хүүхдүүдэд бага байхад нь зөвхөн монгол хэлийг нь сайн зааж өгөөд дараа нь 10-11 хүрэхэд нь гадаад хэл заавал оновчтой гэж. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Б.Ренчин, Ч.Чимэд гэх мэт Монголын хэл, бичгийн нэртэй эрдэмтдийн тухай бодоод үзсэн ч тэр гадаад хэлийг багаас нь сургах нь чухал. Ингэснээр тухайн хүүхдийн монгол хэлний боловсрол нь өөрөө сайжирч, хөгждөг. Бас монгол хэлийг сайн сурталчлах хэрэгтэй. Тухайлбал, жил бүр япон, хятад хэлнээс орос руу хөрвүүлсэн гурван сая гаруй ном хэвлэгдэн гардаг. Харин монгол хэлнээс орчуулсан нь ганц ч байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж