Сүхбаатарын талбай намын өмч үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбай намын өмч үү?

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатартай ярилцлаа.

-Хүмүүс Таныг богино хугацаанд өөрийгөө нийгэмд таниулж чадсан залуу гэж үнэлдэг.  Харин улс төрийн хүрээнийхэн яаж хүлээн авч байна вэ?

-Өөрийнхөө юу хийснийг өөрөө дүгнэнэ гэдэг хамгийн хэцүү асуудал. Бидний үеийн залуус өөрсдийн бүтээснээ бусдаар үнэлүүлэх, оюун санааны үнэт зүйлээрээ, бий болгосон баялгаараа өөрийгөө болон гэр бүлээ тэжээж тэтгэх чадвартай болсон хүмүүс гэж боддог. Нийгмийн сайн сайхны төлөө цаг хугацаа зарцуулж нийгмийн баялгийг бүтээхэд оруулж байгаа хувь нэмрийг  хүмүүс сайнаар хүлээн авч байвал маргаашийн өдрөө гэгээлгээр харах юм даа. Өнгөрсөн хугацаанд ардчилсан намд элсэн ҮЗХ-ийн гишүүнээр ч сонгогдож, намын дотоод амьдралыг илүү сайн ойлгодог учраас манай нам ардчилсан хувьсгалыг ялуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн атлаа яагаад өнгөрсөн хорин жилийн хугацаанд ганцхан удаа сонгуульд ялж засгийн эрхийг барив гээд дүн шинжилгээ хийх олон асуудлуудыг бодож явдаг. Улс төрийн хүрээнийхэнтэй хэдийнээ танил болсон. Гэхдээ санал нийлэх ч зүйл байдаг бас эсрэгээр санал зөрөлдөх нь ч бий.

-Улс төр өөрөө их хардлагыг дагуулдаг болохоор хэн нэгний халаасны хүн гэдгээс салж чадсан уу?

-Манай улс төрийн амьдралд нэг хэвшмэл ойлголт байдаг, хэн нэгэн хүн улс төрийн асуудал хөндөөд тавихаар эсвэл захиалгаар юм хийж байна гэх, эсвэл хэн нэгэн нөлөө бүхий улс төрчийн халаасны хүн гэж харддаг. Энэ нь бас тодорхой хугацаа шалгууртай байх жишээтэй. Тэр хугацааг давж чадвал өөрийгөө улс төрийн амьдралд хөл тавих эрхтэй гэж бодмоор санагддаг. Анхнаасаа хэн нэгний халаасанд багтаж яваагүй болохоор өөрийнхөөрөө л улс төрийн амьдралд хандах сонирхолтой. Гэхдээ манай ардчилсан намын гишүүд болон МАН-ын гишүүдийн хооронд ертөнцийг харах цонх нь өөр болохоор бидний хувьд ялгаатай нь улс төрд өөрсдийн зам мөрөө гаргах хүсэл эрмэлзэлтэй байдагт орших байх. МАН-ын залуучууд хэн нэгний гүйцэтгэгч, найдвартай халаасны хүн болж эрх мэдэл, албан тушаалд тал тохой засаж очих дуртай, бие даан амьдрах чадваргүй хүмүүс шүү дээ.

-Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоог улс төрийн сонгуульд оролцохоор байгуулав уу?

-Бидний байгуулсан Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн хол­боо маань нийгмийн захиалгаар байгуулагдсан гэж боддог. Мэдээж цаашдаа сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хагас хэвтээ тогтолцоотой, иргэдийн дуу хоолой болсон сонирхлын бүлгүүдэд түшиглэж үйл ажиллагаагаа явуулах болно. Монголын улс төрийн намууд задарч нэгдэж байгаа ч хөгжлийн тодорхой түвшинд очихоороо намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж иргэдийн оролцоонд тулгуурласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж улс төрийн сонгуульд оролцох байх. Тэр цаг үед манай холбоо ардчилсан намын хийж гүйцэтгэх улс төрийн олон ажлыг нугалах болно. Бид одоо ч намынхаа үндсэн зорилгын хүрээнд нийгмийн амьдралд хэрэгтэй олон асуудлуудыг хийхээр төлөвлөөд эхнээс нь гүйцэтгээд л явж байна.

-Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн, түүнийхээ хариуг авсан уу?

-Байгалийн баялгаас орох орлогоор хот суурин газрын гэр хорооллын өрхүүдэд орон сууц олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг шаардсан албан тоотын хариуг Засгийн газраас судлан үзэж хариу өгөхийг салбарын сайддаа үүрэг болгосон байна лээ. Хөгжлийн гарц бол байгалийн баялгийг ашиглаж, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв, үүнтэй хэн ч санал зөрөхгүй. Засгийн газрын зарим сайдууд уул уурхайн нэг ордыг ашиглаад гадныхнаас мөнгө зээлж байгаагаа “бид ирээдүйгээсээ зээлж байна” гэж тайлбарлах болсон. Тэгвэл гэр хорооллын иргэдтэй тэр ирээдүйгээс зээлжих эрхээ хамт хуваалцаач гэсэн үг шүү дээ.

-Гэр хороололыг л хөгжүүлбэл Монгол улс хөгжчихнө гэдэг итгэл үнэмшлээрээ хандсан уу?

-Хот суурин газрын хөгжлийг цогцоор нь шийдье гэвэл гэр хорооллын иргэдийг хамгийн түрүүнд орон сууцжуулах хэрэгтэй. Иргэдээ өмчтэй болгоё гэвэл гэр хороолол руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнөөдөр иргэн бүхэн газар өмчлөх эрхээр хангагдсан. Гэтэл гэр хорооллын иргэд нэг хашааг нэг л хүний өмчлөлийн жаран жилээр баталгаажсан газрын гэрчилгээтэй л сууж байна. Банкны зээлийн хүү өндөр санхүүгийн эрүүл бус тогтолцоотой манай орны хувьд гэр хорооллын газар үнэд хүрч эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй байна. Тэгээд ч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бүтцэд үйлчилж байсан засаг захиргааны одоогийн нэгжүүд гэр хорооллын амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Хорин жил зах зээлийн эдийн засаг гэж ярихад гэр хорооллынхон мал өмчлөж авсангүй, орон сууц өмчилж авсангүй, үйлдвэр аж ахуйн газар өмчилж авсангүй. Тэдэнд монголын төр юу өмчлүүлсэн юм бэ? Хот суурин газрын гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчинг Засгийн газар хуулийн хүрээнд бүрдүүлэх үүрэгтэй, тиймээс бидний санал санаачлагыг дэмжиж байгаа гэр хорооллын өрхүүдийн төлөөлөл гуравдугаар сарын нэгний өдөр Сүхбаатарын талбайд ирж гарын үсгээ зурах байлаа. Гэтэл жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг барин Сүхбаатар дүүргийн засаг дарга Б.Баярмагнай зөвшөөрөл олгосонгүй. Хамгийн инээдтэй нь энэ өдөр Монгол улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулахаар “Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос зохион байгуулах үйл ажиллагаатай давхцаж байгаа тул зөвшөөрөл олгохгүй гэсэн юм. Энэ эрүүл үзэгдэл үү? Сүхбаатарын талбай Сүхбаатарын Батболдын намын өмч үү?

-Жагсаал цуглаан хийх зөвшөөрөл олгоогүй болохоор цаашид энэ зорилгоо яаж хэрэгжүүлэх вэ?

-Цаашдаа жил бүрийн гуравдугаар сарын нэгний өдрийг хот суурин газрын гэр хорооллыг орон сууцжуулах өдөр болгон дэмжигчдийн гарын үсгээ цуглуулсаар байх болно. Гэр хорооллын иргэд ч бидний уриалгыг тааламжтай хүлээн авч, байнга холбогдож байна. Гэр хорооллын иргэдээ хэзээ орон сууцтай болтол  нь тэдэнтэйгээ хамт тэмцэх болно. Засгийн газар олуулаа юу, бид олуулаа юу гэдгээ харуулах болно.

-Жил бүрийн гуравдугаар сарын нэгний өдрийг тусгаар тогтнолын баярын өдөр болгон тэмдэглэдэг шүү дээ?

-Зүсээ хувиргасан намын баяр хэрэгтэй юу, гэр хорооллын иргэдэд орон сууц хэрэгтэй юу гэдэг асуудал урган гарч байна. Миний хувьд энэ өдрийг нам байгуулагдсан баярын өдөр гэдгээс нь мэдэх учраас одоо удахгүй энэ өдөр нэгэн шинэ нам байгуулагдвал МАН-тай төрсөн өдрөө булаацалдах уу? Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа намууд цаашдаа Сүхбаатарын талбай дээр төрсөн өдрөө тэмдэглээд байх уу гэдгийг хууль зүйн талаас нь цэгцэлнэ.

-Улс төрчид дандаа л цаашид тийм ажил хийнэ гээд л амлалт дүүрэн байдаг шүү дээ. Танай холбоо цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Би дээрх хариултаа давтая. Бид Ардчилсан намын хийж гүйцэтгэх олон ажлыг нугалах болно. Бид нийгмийн сайн сайхны төлөө Ардчилсан намтай хамт урагшлах болно.

Т.ОЛДОХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж