Шүүх ил тод байх нь хариуцлагатай байна гэсэн үг

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Шүүх ил тод байх нь хариуцлагатай байна гэсэн үг

Ц.ЭЛБЭГДОРЖ: Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа ил тод байна гэдэг хяналттай, хариуцлагатай байна гэсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дундговь, Төв аймагт ажиллах үеэрээ тэдгээрийн шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгч нартай уулзахдаа шүүгчийг томилж үнэмлэхий нь гардуулахдаа шударга ил тод ажиллахыг байнга захиж даалгадаг. Үүний дагуу шүүхийн байгууллагууд ч үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байлгах эхний алхмуудыг хийж эхэлсэн билээ. Энэ байдал Дундговь, Төв аймгийн шүүхэд ч харагдаж байна.

“Шүүхийн хаалгаар орж ирсэн хүнд шүүгчтэй уулзах, шүүхэд нэхэмжлэх гаргах, шүүхийн шийдвэртэй танилцах зэрэг бүх үйл ажиллагаа амар хялбар байх ёстой. Тиймээс бид үүдний хэсэгт байх мэдээлэл лавлагааны хэсэгтээ анхаарч ажиллаж байна. Энд иргэдэд туслах тусгай ажилтан байнга сууж, хүссэн мэдээллүүдийг тэдэнд өгдөг. Мөн бид шүүхийн шийдвэрийг цахим хуудсандаа байрлуулж байна” гэж Дундговь аймгийн Ерөнхий шүүгч Т.Бямбажав ярив.

Төв аймгийн шүүхийн цахим хуудас өдөрт 100 гаруй хандалттай байдаг аж. Энэ байгууллага мөн л бүх шийдвэрийг цахим хуудсандаа байрлуулдаг болжээ. Саяхан Монголын шүүгчдийн холбоо, Шүүгч эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн байгууллагын ажилтнуудын холбооноос хамтран гаргасан “Шударга ёсны тунхаг” –ийг бүх шүүгч нарт мөн шүүхийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдэд сурталчлах ажлыг идэвхтэй хийж байгаа гэж Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Д. Мягмаржав ярилаа.

Ерөнхийлөгч “Ямар ч уул уурхайн баялгаас илүү баялаг бол шударга ёс юм. Шүүгчид өөрсдөө шударга ёсны тунхагаа гаргаж, ийм эрмэлзэлтэй ажиллаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ шүүхийн талаар хэн нэг дарга биш харин иргэд юу гэж хэлнэ, тэр л хамгийн үнэн дүгнэлт байх болно. Шүүгчид үйл ажиллагаагаа шударга, ил тод болгож харин төрөөс эрхзүй эдийн засгийн хувьд хараат бус ажиллах баталгааг бий болгох ёстой” гэв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж