2012 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

2012 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулна

Утаанаас
тоосонцор, хор ялгаруулах хэмжээгээр Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орж
байгаа. Энэ байдал нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж Улаанбаатар
хотод амьдарч буй насанд хүрсэн 10 хүний нэг нь амьсгалын замын
өвчлөлтэй. Хорвоод мэндэлж байгаа гурван хүүхдийн нэг нь  хорт утаанаас
үүдэлтэй ямар нэг суурь өвчтэй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн эмч нар хэлэх
боллоо. 

Утааг багасгахаар Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн дэргэд байгуулагдсан “Түлш эрчим хүчний дэд зөвлөл”-өөс
“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар цаашид авах арга
хэмжээний тухай” нээлттэй сонсгол баасан гаригт боллоо. Уг нээлттэй
сонсголд нүүрснээс хийн түлш гаргаж авахаар ажиллаж буй MCS болон газрын
гүний дулаан ашиглан эрчим хүч гаргаж авах Steppesolar компанийн
төлөөлөл, нийслэл хотын орлогч дарга Д.Ганболд, ЕТГ-ын дарга Д.Баттулга
зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Орон сууц, гэрээ сайтар
дулаалсан айл өрхүүдэд шөнийн цагаар цахилгааны үнийн тарифийг нэг кв
бүрт 50 хувь хямдруулан тооцож дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж
байгаа. Гэвч гал түлж дулаацдаг айл бүрийг шөнийн цагаар цахилгаанаар
халаана гэхэд эрчим хүчний салбарын хүчин чадал хүрэлцээгүй байгаа юм.
Нөгөөтэйгүүр энэхүү тооцоо судалгаа нь нийслэлийн утааг бууруулахад
дорвитой нөлөөлөхгүй гэж хэлэлцүүлэгт оролцож байсан зарим төлөөлөгчид
хэлж байлаа. Учир нь гэр хорооллын айл өрх 24 цагт өглөө, өдөр, орой
нийт гурван удаа нүүрс түлж гэрээ дулаацуулдаг. Галлагаатай сууцанд
амьдарч буй иргэд гэр, орон сууцаа дарга нараар хэлүүлэлтгүй хэр
хэмжээгээр нь дулаалсан байдаг.  Гэрээ дулаалалгүй өвөлждөг айл нөхцөл
бололцооноосоо шалтгаалаад маш цөөхөн байдаг гэж байлаа. Харин гэр
хорооллын айлууд гэрээ дулаалаагүйн улмаас нүүрс ихээр түлж байна гэх нь
нэг талаараа буруу ойлголт. Гэрийн дулаалга хэчнээн сайн байлаа гээд
хоногт гурван удаа гал түлдэг хэмжээ хэвээрээ байна гэж байсан юм.

MCS
компанийн хувьд түүхий нүүрс боловсруулан хийн түлш гаргаж авах үйлдвэр
барих ажилдаа ороод байгаа. Эхний ээлжинд хийн түлш үйлдвэрлэхийн тулд
нүүрсээ боловсруулах түүхий эд болох метанол буюу техникийн спиртийг
гадаадаас оруулж ирж ашиглахаар төлөвлөгөөндөө тусгаад ажлаа эхэлсэн
байна. Харин түүхий нүүрснээс хийн түлш гаргаж авах үйлдвэр нь эхний
ээлжинд гадаадаас техникийн спирт буюу метанол авахаар төлөвлөж байгаа
нь эргэлзээтэй асуудал болоод байгаа. Газрын гүний дулааныг ашиглан
эрчим хүч, дулаан гаргаж авахад техник хэрэгсэл нь өндөр үнэтэй хэдий ч
яваандаа зардлаа нөхөх боломжтой. Харин газрын гүнээс эрчим хүч, дулаан
гаргаж авах хэрэгслийг нэг айл дангаараа суурилуулахад өндөр үнэтэй
байдаг аж.  Улаанбаатар хотын утааг багасгах талаар хэрхэн ажилаж байгаа
талаар нийслэлийн орлогч дарга Д.Ганболдоос тодруулсан юм.

Д.Ганболд:

-Эхний ээлжинд түлш эрчим хүчний салбарт түлхүү арга хэмжээ авч
ажиллахаар ярьж байна. Агаарын бохирдол гэдэг нь дан ганц утаанаас
үүсээд байгаа юм биш. Авто машинаас гарч байгаа хорт хий, тоосонцор гээд
бохирдол үүсгэх хүчин зүйл ихтэй. Ойрын үед авах арга хэмжээ гэвэл
дулааны алдагдал багатай сууц бүхий айл өрхүүдэд халаалтын орчин үеийн
шинэ арга хэрэгжүүлж, цаашид хөнгөлөлт үзүүлэх юм. Эрчим хүчний хувьд
шаардлагатай бол гадаадаас импортлон авах бололцоог судалж үзээд энэ зун
Улаанбаатар хотыг хамарсан бүх судалгаа төлөвлөгөө боловсруулж аль
дүүрэгт ямар түлш түгээхийг шийдэх ажлыг хийнэ.  Зун болсон ч эдгээр
ажлыг хийж байж ирэх 2012 оны өвөл гэхэд агаарын бохирдлыг 50 хувь
бууруулах төлөвлөгөөтэй байгаа. Орон сууцны дулааны байдлыг шалгадаг
орчин үеийн багажтай болсон. Хагас коксжсон нүүрсийг хэрэглээд эхэлсэн
байгаа. Өнөөгийн байдлаар гурван үйлдвэр ажиллаж байгаа боловч
Улаанбаатар хотын нийт хэрэглээнд хүрэлцэх хэмжээгээр үйлдвэрлэж
чадахгүй байна. Хязгаарлалтад хамрагдсан 12 хорооноос зарим хороонд
хэрэглэж байна. Нүүрсийг хагас коксжуулахдаа илчлэгийн хэмжээг нь өсгөж
дөрвөөс таван мянга болгосон байгаа. Мөн зуухнаас ялгаруулж байгаа хорт
бодисыг хэмждэг багажтай болсон учир зуухнаас ялгарч байгаа утааг хэмжиж
үзээд стандартад нийцэх эсэхийг шийдэж зөвхөн тэнцсэн зуух, түлшийг
худалдаанд гаргах юм. Харин шалгалтад тэнцээгүй зуух түлшийг
худалдаанаас шахаж гаргана.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж