Хиймэл дагуул Сирийн цөмийн байгууламжуудыг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хиймэл дагуул Сирийн цөмийн байгууламжуудыг илрүүлжээ

Тагнуулын хиймэл дагуулууд уран боловсруулах үйлдвэр болон цөмийн гурван байгууламж Мирид  байгааг илрүүлсэн байна.

Вашингтоны Шинжлэх ухаан ба Үндэсний аюулгүй байдлын институт (ISIS)  Сирийн нутаг дэвсгэр дэх цөмийн нууц байгууламжууд байж болох объектуудын сансраас авсан цуврал гэрэл зургуудыг нийтэлсэн байна. Мэдээлэл нь Suddeutsche Zeitung сонинд анхлан гарч бусад хэвлэлээр тараагджээ.
 
Марж ас-Султан хотын захад “шар бялуу” гэгдэх  тусгай хольцоос уран баяжуулах бай­гуу­ламж илрэв. Илэрсэн байгууламж нь хоёр үндсэн байшингаас бүт­сэн ба цэргийн баазын дэвсгэрт байрлаж байна. Энэ үйлдвэр нь Аль-Кибарын (Даир аз-Зура хотын) цөмийн тогооны материалыг үйлдвэрлэх ёстой гэнэ.

Баригдаж байсан цөмийн то­гоог нь Израиль бөмбөгдөн уст­гас­ны дараа Марж ас-Султаны энэ байгууламжийн жинхэнэ зо­риу­лалтыг Сирийн эрх бариг­чид нуухаар оролдон Олон ул­сын атомын эрчим хүчний байгуул­лагын шинжээчдийг тэнд оруулаагүй юм. Уг байгууламжийн орчинд 2008 оноос барилгын ажил хийгдэж байсныг ISIS тэмдэглэжээ.

Марж ас-Султаны үйлдвэрээс гадна Аль-Кибарыг оролцуулсан цөмийн өөр гурван байгууламж Сириэс илэрлээ. Эдгээр байгуу­ламжуудыг илрүүлсэн нь өмнө тооцож байснаас илүү хөгжсөн цөмийн хөтөлбөр Сирийн удирдлагад байжээ гэх дүгнэлтэд хүргэлээ.

Саяхан илэрсэн байгууламжууд нь Олон улсын атомын эрчим хүчний  агентлаг Сирид үзүүлэх шахалтаа чангатгана хэмээн The Wall Street Journal сонин үзэж байна. Агентлаг эрх баригчдаас зөвшөөрөл авахгүй “онцгой шалгалт” хийх боломжийг хайж байгаа хэмээн өмнө мэдээлсэн байлаа. Хамгийн сүүлд тийм арга хэмжээг 1993 онд БНАСАУ-д явуулсан бөгөөд тэр нь тэднийг цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь саад болж чадаагүй билээ.

Сирийн эх сурвалжууд ISIS-ийн баримтад тайлбар хийгээгүй байна. Олон улсын атомын эрчим хүч­ний агентлаг хэвлэлийн мэ­дээнд тайлбар хийх боломжгүй гэжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж