-“Сонгодог агаар” гэдэг нэрээсээ эхлээд тансаг сонсогдож байна. Тоглолт хийх санааг анх хэн гаргасан бэ?
-Өнгөрсөн оны тавдугаар сард нэг тоглолт хийх гэж байгаад тэмцээний улмаас хойшлуулсан юм. Сая арванхоёрдугаар сараас найзууддаа саналаа хэлж, тоглолтынхоо бэлтгэлд орсон. Тоглолт хийх бол миний санаа.
-Тоглолтын нэрийг хэн өгсөн бэ?
-Энэ нэрийг нэлээд ярьж байж шийдсэн. Нэг их айхтар утга байхгүй. Гэхдээ энэ хотын агаарыг хар л даа. Манай тоглолт хоёр цаг үргэлжлэх байх. Энэ хоёр цагийн дотор бага ч гэсэн тайвшралыг аваасай гэж хүссэн. Нэрээ өгөх гэж өдөржингөө юм болсон. Нэг орой “за бүгдээрээ нэрээ бодоод ирээрэй” гэсэн байдаггүй, маргааш нь гурван цаг сууж ярилцаж байж “Сонгодог агаар” нэрийг өгсөн.
-Ингэхэд та бие дааж тоглолтоо хийхгүй юм уу?
-Би төлөвлөж байгаа. Ирэх тавдугаар сард хийх санаа байна. Ямар ч байсан эхний ээлжинд найзуудтайгаа хамтдаа нэг баг болоод “Сонгодог агаар” тоглолтоо хийхээр зорилоо. Тоглолт хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Манай цагдаагийн “Сүлд” чуулга сая 2008 онд шинэ бүрэлдэхүүнээр байгуулагдсан. Би энэ чуулгад ороод хагас жил болж байна. Тиймээс чуулгатайгаа хамтарч тоглолт хийхээр зорьсон.
-Тэгвэл цомгоо гаргах уу?
-Би арванхоёрдугаар сарын дундаас цомгийн ажилдаа орсон юм. Би чинь боловсролын тал дээр сэхээтэн айлын хүүхэд, амьдралын боломжийн хувьд бол дундаж айлын л хүүхэд. Юуг нь нуухав. Санхүүгийн талаар зогсчихсон байна. Уг нь сая тоглолтынхоо өмнө гаргачих санаа байсан юм. Одоогийн байдлаар 50 хувьдаа хүрээд зогсчихсон байна.
-Тоглолтод ямар, ямар уран бүтээл эгшиглэх бол?
-Тоглолт хоёр хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэгт Монголын алдартай хөгжмийн зохиолчдын дуурийн ари, дуэт, мэргэжлийн дууг дуулна. Хоёрдугаар хэсэг дан гадаадын сонгодог дуурийн аригаас бүрдэж байна.
-Монгол дуурийн аригаас ч гэсэн та дуулна биз дээ?
-Миний хувьд энэ удаад монгол мэргэжлийн дуунаас дуулахгүй. Хоёр дахь хэсгээ би өөрөө эхлүүлээд, дан гадны сонгодог дуурийн ариг дуулна.
-Тоглолтын тасалбарыг 30 мянган төгрөг гэсэн, зарим хүн үнэтэй байна гэж буй бололтой?
-Магадгүй ээ. 30,000 гэдэг өндөр л дөө. Яагаад ингэж үнэлсэн бэ гэхээр бид өөрсдөө хөдөлмөрлөж байна. Багш нар маань дуурийн нэг ариг дуулахад уурхайн гүнд гурван цаг ажилласантай тэнцэхүйц энергийг зарцуулдаг гэж хэлдэг. Тийм их энерги, хүч зарцуулж байж ингэж үнэлэхгүй бол болохгүй шүү дээ. Бид цаашид уран бүтээл хийж, өөрсдийгөө хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхгүй дан ганц өөрөө зүтгээд л яваад байх юм бол уусаад, замхраад үгүй болно л гэсэн үг.
-Нэр гэснээс өөрийн тань нэр их гоё. Энэ нэрийг хэн өгсөн бэ?
-Бодвол аав, ээж хоёр маань өгсөн байлгүй. Би энийг ёстой асууж байгаагүй юм байна. Гэхдээ манайх аав, ээжээс олуулаа. Надад тоглоомоор хэлсэн ч юм уу, нэг удаа хүүхдүүдээ төгсгөх гэж Жавхлантөгс нэрийг өгсөн гэж байсан. Одоо би чинь доороо хоёр дүүтэй.
-Тэгвэл төгсөөгүй байна ш дээ?
-Тийм ээ, төгсөөгүй. Манай хоёр дүүг Идэржавхлан, Маралжавхлан гэдэг юм. Манайх аав, ээжээсээ тавуулаа. Би ахтай, эгчтэй, эрэгтэй, эмэгтэй дүүтэй хүн дээ.
-Ингэхэд хэзээ СУИС-ийг төгсөх вэ, сургуулиа төгсөөд юу хийхээр төлөвлөж байгаа бол?
-Энэ хавар Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсөнө. Сургуулиа төгсөөд намар гадаад руу сургуульд явах төлөвлөгөөтэй байна.
-“Universe best songs-2010” наадамд оролцсоноор амьдралд тань маш их өөрчлөлт гарсан байх?
-Энэ наадамд оролцсоноор миний зам илүү дөт болсон гэж боддог юм. Дөрвөн жилээр товчлогдсон болов уу.
-Ингэхэд яагаад заавал дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-Яагаад сонгосноо сайн мэддэггүй ш дээ. Би цэцэрлэгт байхаасаа эхлээд л дуулдаг байсан. Ер нь наймдугаар анги хүртлээ эстрадын дуу дуулж, дундуур нь хип хоп үглэдэг байсан.
-Тийм үү, хип хоп үглэдэг байсан гэж үү?
-Тийм ээ, гэхдээ тэгж айхтар нэрд гараад байхгүй. Би өөрөө Завхан аймгийн уугуул иргэн. Завхандаа хүүхдүүдтэй нийлж дуулдаг байсан. “Би эстрадын дуучин” тэмцээнд маш олон удаа оролцож байсан. Гэхдээ нэг ч удаа түрүүлж үзээгүй. Ер нь аравдугаар анги хүртлээ нэг ч тэмцээнд түрүүлж үзээгүй. Дандаа хоёрдугаар байрт шалгарчихдаг байсан. Одоо гэрээр дүүрэн мөнгөн медаль, баярын бичиг маань байдаг. Оюутан болоод л тэмцээнд түрүүлж эхэлсэн дээ.
-Ингэхэд таны хамгийн анх хөл тавьсан тайз?
-Бодвол цэцэрлэгийн тайз л байлгүй дээ. Тэр чинь адилхан л тайз шүү дээ. Цэцэрлэгт байхад “Одод болохын хүслэн” билүү, нэрийг нь сайн санадаггүй юм. “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол” гэж их дуулдаг байсан юм.
-Тэгвэл Б.Жавхлантөгсийн мөрөөдлийн дүр хэн бэ?
-Би багаасаа хүүхэлдэйн кино үзэх дуртай байсан. Одоо ч гэсэн хүүхэлдэйн кино үздэг. “Том Жерри” хүүхэлдэйн кинон дээр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг дуулдаг ш дээ. Тэрийг дагаж багадаа орилдог байсан. Үгийг нь мэдэхгүй худлаа ла ла ла гээд л дуулдаг байлаа. Магадгүй энэ үеэс эхлээд дуурийн дуучин болох хүсэлтэй болж, мөрөөдөж эхэлсэн байх.
-Тэгвэл “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн дүр гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ би баритон хоолойтой дуучин болж байгаа. Тиймээс баритон хоолойтны бүтээдэг бүх л том дүрийг хүсч, мөрөөддөг байсан бол одоо зорилгоо болгоод явж байна.
-Дуурийн дуучид өдөрт маш олон цаг бэлтгэл хийдэг, таны хувьд өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?
-Ер нь цаг гарвал байнга л бэлтгэл хийдэг. Машиндаа ч явж байхдаа, гадуур явж байхдаа ч байнгын бэлтгэлтэй байдаг. Энхийн цагт хөлс их гарвал, дайны цагт цус бага урсана гэдэг ш дээ.
-Тайзан дээр гарах бүртээ сандардаг уу?
-Ер нь бол багахан хэмжээний сандрал байна. Огт сандрахгүй байна гэдэг бол хамгийн муу зүйл. Яагаад гэвэл тэр хүн дуулахад, жүжиглэхэд бэлэн болоогүй байна гэсэн үг.
-Та хэр хошин хүн бэ, телевизээр бол даруухан хүн шиг харагддаг?
-Би нэлээн хошин шүү. Гэхдээ хошигнох байдлаа гэр бүл найз нөхдийнхөө дунд гаргадаг. Түүнээс бол хамаагүй гадуур хошигноод байхыг хүсдэггүй.
-Хошин гэхээр хүнд бол сайн хоч өгнө биз?
-Хоч өгнө өө, өгнө. Манай найзуудын ихэнх хочийг би өгсөн.
-Энгийн үедээ та ямар стилиэр хувцаслах дуртай вэ?
-Би одоо энгийн явж байгаа минь л энэ ш дээ. Ингээд л байнга хослол өмсөөд явдаг. Арван жилдээ би хослол өмсч байгаагүй. Ихэвчлэн бэлтгэлийн хувцастай явдаг байсан. Одоо бол дандаа хослол өмсдөг. Хаяа чөлөөт хувцас өмсдөг л дөө. Ажлын өдрүүдэд бол байнга хослолтой эсвэл дүрэмт хувцастайгаа явдаг. Би чинь цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, дэслэгч цолтой.
-Нээрээ та Германд очиж, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг үзсэн, хааны суудалд сууж үзсэн байх аа?
-Тийм ээ. Германы Мюнхен хотод Бавар үндэстний хаан амьдардаг байсан. Тэр хаан нь өөртөө зориулж дуурийн театр бариулж байсан юм билээ. Яг тэр хааны суудаг байсан хааны лоожинд би сууж үзсэн. Үнэхээр гайхалтай акустик, дээшээ зургаан давхар агуу том гайхалтай театрт орж үзсэн дээ. Германчууд шинэ барилга барьсан ч гэсэн уран баримал шиг, хуучны загвараар нь барьдаг. Яг тэр орчинд сурах юм бол сонгодог урлаг гэдгийг жинхэнэ утгаар нь сурах юм шиг санагдсан учир би ирэх намар зориглож байгаад гадаадад сурах бодолтой байна даа. Сургуульд сураад Монголдоо ирээд уран бүтээлээ хийнэ, бас дэлхийд Монголоо таниулах дуурийн дуучин болно доо.
-Баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье.