Түншлэл ахиж, түнжин дээшилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Түншлэл ахиж, түнжин дээшилнэ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечи Монгол Улсад хоёр өдөр айлчлаад буцлаа. Өмнөх өдрийн үдээс хойш Улаанбаатарт бууж маргааш өдрийн мөн хугацаанд эх орондоо буцсан, барагцаалж үзвэл 24 цагийн айлчлал болсон ч хоёр орны харилцааны ирээдүйн төвшинг томоор тодорхойлоод харилаа. Том гэдгийн учир нь Монгол, Хятадын харилцааны өнөөдрийн зэргийг ахиулж түнжинг дээшлүүлэх урьдач нөхцөлийг бүрдүүлээд явсанд оршино. Түншлэлийн зэргийг ахиулах яриа хэлэлцээ жин тан болсон тул БНХАУ-ын дарга Ху Жинтао биеэр ирж төрийн айлчлал хийн түүнийг батламжлах нь тодорхой боллоо гэсэн үг.

Өнөөдөр манай улс өмнөд хөрш гүрэнтэйгээ Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай. Үүнийг БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд энэ өндөр албан тушаалд дөнгөж томилогдмогцоо анхны гадаад айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийх үед гаргасан Хамтарсан мэдэгдлээр тунхагласан юм. Түүнээс хойш бараг найман жил өнгөрчээ. Ян Жечи сайд сая ирэхдээ гурван баримт бичиг батламжилсан нь гаднаасаа бол их л энгийн, хөршийндөө буугаад мордсон айлчлал болсон мэт санагдахаар байв. Хоёр орны Гадаад яамдын хамтран ажиллах төлөвлөгөөг батлах, Хонгконгод Монголын ерөнхий консулын газар нээх, ой, хээрийн түймэртэй хамтран тэмцэх гээд гарын үсэг зурсан баримт бичиг дууссан.

Харин айлчлалын хамгийн гол зорилго болох хоёр орны харилцааны төвшинг Стратегийн түншлэлийн хэмжээнд ахиулах талын яриа хэлэлцээг зарчмын хувьд тохиролцоод буцлаа. Монгол Улс “төрмөл” хоёр хөрштэй. ОХУ-тай 2006 онд, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хойд хөршид хийсэн айлчлалын үеэр гаргасан Хамтарсан тунхаглалаар Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. БНХАУ-тай ийм харилцаанд шилжвэл хоёр хөрштэйгөө харилцах төвшний хэмжээ ижил тэнцвэртэй хэмжээнд очих юм.

Нэн дотно харилцаатай орнуудыг авч үзвэл манай улс АНУ, Японтой хамгийн өндөр төвшний буюу Иж бүрэн түншлэлийн харилцаатай бол Турктэй энэ хэмжээнд түншлэхийн төлөө ажиллаж буй. Харин Канадтай өргөн хэмжээний түншлэл хөгжүүлж, олон иргэний хувьд хоёр дахь эх орон болсон БНСУ-тай сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл тогтоогоод байгаа.

Ху Жинтао дарга Монголд айлчилж Стратегийн түншлэлийн харилцааг баталгаажуулбал хойд, урд хоёр хөршийн манайхтай харилцах төвшин нэг хэмжээнд хүрнэ. Манай улс 1960-аад оны эхнээс 1990 он хүртэл өмнөд хөршөө нэгдүгээр зэргийн “дайсан”-ы хэмжээнд үзэж хил гарц тас хаалттай байв. Харин 2000-гаад оны эхнээс бие биедээ итгэсэн сайн хөршүүд байхаар томъёолсон. Одоо найрсаг сайн хөрш төдий байхаа больж стратегийн шинжтэй түншүүд байх цаг ирснийг  Ян Жечи сайд мэдэгдэж суурийг нь засаад явав.
Уул уурхай, дэд бүтэц, худалдааны салбар стратегийн түншүүдийн хамгийн гол харилцах салбар байх болно гэдгийг тэрбээр мэдэгдлээ. Харин манай талын байр суурь арай зөрүүтэй байгааг Гадаад  харилцааны яаманд болсон хэлэлцээний дараа Ян Жечи, Г.Занданшатар сайд нар илэрхийлсэн. Тэр нь юу вэ гэвэл Монгол Улс арай ахиуг ирээдүйн стратегийн түншээсээ хүсч байгаа юм байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг манай тал өмнө нь  ч Хятад руу гаргасаар ирсэн. Тэгээд ч Монголын эдийн засгийн голлох нэг салбар хөдөө аж ахуй хэвээрээ байгаа. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт стратегиар түншилье гэжээ. Мөн уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжихийн хэрээр Монголын байгаль, экологи сүйрч “сарны гадарга” гэсэн хоч нэртэй болоод буй. Тиймээс байгаль хамгаалах тал дээр хөршүүд хамтарч ажиллах ёстой хэмээн өмнөд хөришийн сайдыг толгой дохиулж чаджээ. Нэг үеэ бодвол манай сайд, дарга нар айлын барьж ирсэн баримт бичиг дээр үг дуугүй гарын үсэг зурах бус өөрийн талын саналыг хэлж, өөдөөс нь шатрын хөлөг дээр нүүж сурч байгааг үүгээр харууллаа.

“Улс төр, цэргийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын өндөр төвшинд гаргах, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн олон талт харилцааг  хөгжүүлэх нь Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм”хэмээн манай талаас мэдэгдээд байна. Хоёр хөршөөсөө гадна бас гурав дахь хөршүүдтэй шүү гэдгээ ч сануулжээ.

Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа улам хөгжүүлэх шаардлага бийг, дээд төвшинд яригдсан зарим асуудлын хэрэгжилт удаашралтай байгааг Ерөнхий сайд С.Батболд Хятадын сайдад хэллээ. Бодвол энэ нь 2003 онд амласнаас хойш хэрэгжихгүй, зориулалт, чиглэлийг нь хэдэнтээ солиод үр дүн нь гарахгүй байгаа 300 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлийн асуудал биз ээ. Монгол Улсын Засгийн газрын хувьд эдгээр асуудлыг шийдэж, харилцааг хөгжүүлэхийн тулд урагшаа харж байгаа гэдгийг дуулгалаа. Эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, Хятадын талаас томоохон төсөл хэрэгжүүлэх, нэгээс хоёр төслийг үлгэр жишээ маягаар хэрэгжүүлж болох талаар айлчлалын үеэр хоёр тал ярилцжээ. Одоогоор төслүүдийг хараахан нэрлээгүй бөгөөд оновчтой төслийг хамтран ярилцаж шийдэх юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жил өмнөд хөршид айлчлахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Түүнийг өнгөрсөн зун БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вен Зябоа нутагтаа урьсан юм. Түүгээр төсөл, төлөвлөгөөнүүдийг тодорхойлон ярилцах биз.

Хоёр хөрш стратегийн түнш болно гэдэг нарийн асуудал. Вангийн хоолон гэр, Лигийн барилгын компани, Жангийн оёдлын үйлдвэрээс эхэлсэн сайн хөршийн харилцаа одоо уул уурхай, эрчим хүч гээд Монголын шинэ зууны үйлдвэрлэлийн салбарыг дагаж хөгжих нь ойлгомжтой. Тавантолгойн ордыг ашиглах хэдэн зуун мянган тоннын гэрээнээс эхлээд, уул уурхайн бүтээгдэхүүнийг урагш гаргах төмөр замын стратеги төлөвлөгөө, төмөр замын царигийн хэмжээ гээд мм-ээр хэмжигдэх нарийн асуудлууд үүний цаана бий. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд биш болохоор Гадаад хэргийн сайд түншлэлийн шинэ зэрэглэлийн асуудлыг тохироод буцлаа. Гэхдээ үүний цаана дараа дараагийн өндөр төвшний айлчлалуудаар байгуулах өнийн бодлогын учгийг тайлахад бэлэн болгоод үлдээв.

Хойд хөршид шинэ оросууд төрж байгаа шиг өмнөд хөрш ч шинэ хятад болж байна. Сая Ян Жечи сайдын айлчлалтай зэрэгцээд манай улсад БНХАУ-аас шинэ Элчин сайд ирэв. Өмнө нь монгол хэлтэй хүн ирүүлэхийг чухалчилдаг байсан Хятадын тал сүүлийн үед өндөр боловсролтой, дипломат албаны ихээхэн туршлагатай, англи хэлтэй хүн нааш нь илгээдэг болсон. Шинэхэн Элчин Ван Сяолун л гэхэд шинэ Хятадын имиж бүхий эрхэм байна лээ. Бүр Монголд  ажиллах сэтгүүлчдээ ч тэгж ирүүлдэг болсон байна. Тэдэнд одоо монгол хэлний мэдлэг гэсэн шалгуур хэрэггүй болжээ. Англи хэлээр чөлөөтэй ярьдаг орчин үеийн залуусыг нааш нь ирүүлэхийг нэгд үздэг болсон байна. Дипломат харилцааны нэгэн жарныг “нэг нүдээр харшгүй” таагүй “этгээд”-ээс өгсүүлээд сайн хөршийн хэмжээнд харилцаж үдсэн хоёр орон одоо харилцан ашигтай, стратегийн сонирхол бүхий найрсаг түншүүдийн хэмжээнд айлсахаар дараагийн жарны эхлэл дээр тохиролцов.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж