Г.Уянга: Би мэдүүлэг өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Би мэдүүлэг өгөхгүй

Баянгол дүүргийн мөрдөн байцаагчид 25 дугаар суваг телевизийн Ерөнхий редактор А.Баатархуягийн гэрт өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш дайран орж, түүний гэргий, сэтгүүлч Г.Уянгыг хүчээр авч явахыг завдсан тухай www.news.mn сайт тухайн үед шуурхай мэдээлсэн билээ. Мөрдөн байцаагчид цагдаагийн машины дуут дохио хангинуулан ирж, төрөөд удаагүй, нялх биетэй Г.Уянгыг хүчээр авч  явах гэсэн ба Иргэний хөдөлгөөний нөхдөөсөө тусламж  хүссэний  хүчинд гэрт нь ирээд байсан хоёр цагдаа буцсан талаар манайд тайлбар өгсөн юм. Энэ талаар тодруулахаар бид өчигдөр сэтгүүлч Г.Уянгатай дахин холбогдлоо.

-Цагдаа нар танайхаар дахиж ирэв үү?

-Цагдаагийнхан дахиж ирээгүй. Амралтын өдөр болохоор ирэхгүй байхаа тэд мэдэх байлгүй. Явахдаа буцаж ирнэ гэж юм хэлээгүй.

-Баасан гаригт яг юм болсныг та тайлбарлахгүй юу?
-Тэр өдөр цагдаагийн ажилтнууд манай гадаа машинтай ирчихээд намайг албадан авч явна гэж айлгасан. Хоёр нь гэрт дайрч орж ирээд, 3-4 цаг намайг сахиж сууж байгаад явсан. Би тэдний шаардсанаар хамт явах ямар ч боломжгүй л дээ. Хүүхэд нярай, би өөрөө сайн тэнхрээгүй байна шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхөн ирж байж, намайг тэр өдөр авч үлдсэн.

-Ямар шалтгаанаар цагдаагийнхан танайд ирсэн юм бол?
-Л.Гансүхийн гомдол гаргасан хэрэг. “Ухаахудаг, Гашуунсухайтын хооронд зам тавих зөвшөөрөл олгосныхоо дараахан сайд Л.Гансүх өндөр үнэтэй байшин авсан” гэж хэлснийг тэрээр үгүйсгэн, цагдаад өгөөд байгаа. Намайг Баянгол дүүргийн, А.Баатархуягийг Сүхбаатар дүүргийн цагдаад өгсөн. Л.Гансүх ямар ч байсан хувьдаа байшинтай болсон нь үнэн. Гэхдээ Зайсанд биш Сэлбийн эрэгт юм билээ. Өөрөө тэр байшингийнхаа үнийг 120 сая төгрөг гэж мэдэгдсэн байдаг. Байшин нь тийм хэмжээний үнэтэй байхаар эд биш л дээ. Энэ асуудалтай холбогдуулан Баянголын цагдаагаас надтай хүн ирж, уулзаж байсан. Өлсгөлөн зарлаад байх үед юм. Би тухайн үед “Ийм нөхцөлд байна, одоо уулзаж, мэдүүлэг байцаалт өгөх боломжгүй” гэж хэлэхэд “Ойлгож байна” гээд явсан. Тэгсэн дараа нь надтай уулзаж, мэдүүлэг авсан болгоод яллагдагчаар татсан байна. Манай нөхөр А.Баатархуягт холбоотой гомдлыг хэрэг биш гэж үзэн, хоёр ч удаа хэрэгсэхгүй болгоод прокурор руу явуулсан. Намайг тулгар биетэй байхад цагдаагаас утасдаад, ирж уулз гэж хэлсэн л дээ. Гэхдээ би учир байдлаа хэлж байсан.

-Одоо та өөрийн биеэр очиж байцаалт өгөх үү?

-Үгүй. Би очихгүй гэдгээ тодорхой хэлсэн. Учир нь надаас ямар ч байцаалт, мэдүүлэг аваагүй байж авсан мэтээр бичээд, хэргийг цааш нь үргэлжлүүлсэн байгаа юм. Манай цагдаагийнхан тийм муу, буруу арга хэрэглэдэг. Яаж ийж байгаад царайг нь харчихвал тэрийгээ мэдүүлэг авсан болгоод биччихдэг.  Тэгээд ч тэр мөрдөн байцаагч илт Л.Гансүхийн талд байгаа нь харагдаж байсан. Түүнд ч би энэ тухай хэлсэн. Мөрдөн байцаагч н.Баттөмөр “Та наад асуудлаараа гомдол гаргаж болно” гэх утгатай үг хэлж байна лээ.

Байгаль орчны сайд Л.Гансүхийг өндөр үнээр хаус худалдаж авсан талаар бичсэн сэтгүүлч А.Баатархуягийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бол дээрх асуудлаар ярьсан сэтгүүлч Г.Уянгыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ. Г.Уянгыг сарын өмнө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг өгөхийг хүсэхэд оронд нь А.Баатархуяг тайлбар өгчээ. Гэтэл  уг тайлбар Сүхбаатар дүүрэгт мэдүүлэг болоод очсон байна.  Сэтгүүлч А.Баатархуяг, Г.Уянга нар “Биднийг шалгахын оронд Л.Гансүх хаанаас хаустай болсныг шалгах нь зүйтэй баймаар юм” гэсэн байр суурьтай байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж