Хувьцаа тараахын өмнө иргэдийг сургах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.28-нд нийтлэгдсэн

Хувьцаа тараахын өмнө иргэдийг сургах хэрэгтэй

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн Ө.Ганзоригтой ярилцлаа. Монголын хөрөнгийн зах болон Монголын хөрөнгийн бирж, Тавантолгойн ордын хувьцааг иргэдэд тараах зэрэг цаг үеийн сэдвийг энд хөндлөө.

-Монголын хөрөнгийн биржийн арилжааны гол үзүүлэлтүүд нэлээд өсч байна. Энэ юутай холбоотой байна вэ?
-Монголын хөрөнгийн биржийн арилжааг ажиглаж байхад нэлээд урт хугацааны турш шинээр хувьцаа гараагүй. Өмнө нь байсан хувьцаануудын арилжаа л болж байна. Харин Монголын хөрөнгийн захад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгджээ. Ялангуяа гадны хөрөнгө оруулагчид Монголын эдийн засгийн өсөлтөөр дамжуулаад тодорхой хэмжээний ашиг орлого олох зорилгоор хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн. Ийм зорилготой хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд юу хийдэг вэ гэхээр Монголд хөрөнгөө байршуулдаг. Хаана, яаж вэ гэхээр хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд худалдан авч байрлуулах юм. Тийм учраас хувьцааны үнэ нэлээд өсч байна.

-Ялангуяа “Шарын гол” эсвэл “Могойн гол” гэх мэт хуучны нүүрсний уурхайн хувьцаанууд болон ер нь ихэнх хувьцааны ханш сүүлийн үед нэлээд өсч байна. Эдгээр үнэт цаасны үнийн өсөлт бодитой юу, эсвэл хөөсрөл яваад байна уу?
-Яг тэрийг эцсийн байдлаар шалгуур гаргаад хэлэх хэцүү л дээ. Хөөсрөл үү, бодит уу гэдгийн нарийн заагийг нь гаргахад ярвигтай.

Монголын хөрөнгийн зах дээр арилжаалагдаж байгаа хувьцаанууд янз бүр. Биржид үнэт цаас нь бүртгэлтэй хэрнээ компанийнх нь санхүү гэж юм байхгүй болсон компани олон бий. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр 300-гаад компани бүртгэлтэйн дунд ийм компани нэлээд бий. Нөгөө талд үйл ажиллагаа нь хэвийн явагддаг, зах зээлийн үнэлгээ нь хангалттай төвшинд үнэлэгдээгүй байсан компани ч бий. Зарим компанийн хувьд хувьцаа нь үнэхээр хямдхан байж байгаад одоо өсч эхэлж байгаа нь ч бий. Хөрөнгө оруулагч нарын хувьд ерөнхийд нь хөөсрөл явагдаж байна, эсвэл компаниудын хувьцаа хямдхан байна гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр хөрөнгө оруулагчид өөрсдөө судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргаж байгаа гэж би ойлгож байна.

-Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байгаа. Гэрээнд юу юу тусгасан бэ, ер нь гэрээг эцэслэн байгуулах асуудал аль шатандаа явна вэ. Хоёр дахь гэрээг үзэглэхээр хоёр тал шамдаж байгаа гэсэн?
-Ерөнхий гэрээгээр ерөнхий тохиролцоо хийгдсэн. Хоёр дахь гэрээ буюу нарийвчилсан гэрээг одоохондоо эцсийн байдлаар зураагүй байна. Энэ гэрээгээр Монголын хөрөнгийн биржийг ямар үзүүлэлтэд хүргэж хөгжүүлэх юм бэ гэдгийг тусгасан байх юм. Хөрөнгийн биржийн мэдээллийн технологийг шинэчлэх, дотоод менежментийн болон ажиллах хүчний чадавхийг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлтэй холбоотой хууль эрх зүй, журам зохицуулалтыг боловсронгуй болгож, ард иргэдийн хөрөнгийн захын талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх гэсэн дөрвөн чиглэлийг багтаасан байх юм. Чиглэл бүр нь дотроо нарийвчилсан заалттай нэлээд дэлгэрэнгүй гэрээ байх юм. Ер нь тэр гэрээг аль аль талаасаа түргэвчлэх саналтай байгаа. Одоогийн байдлаар гэрээ бэлтгэгдэх шатандаа байна.

-Ер нь хөгжил буурай орны өсөлттэй, сайн ажилласан хөрөнгийн зах дээр гадны том хөрөнгө оруулагчид орж ирээд тоглолт хийж, нэлээд хөрөнгө босгочихоод гараад явчихдаг, харин тэр бирж уналтад ороод үлддэг жишээ байна. Хамгийн сүүлд Бангладешийн хөрөнгийн бирж ийм байдлаар уналтад орж, бослого хүртэл болжээ. Манай бирж ийм хөрөнгө оруулагчдын золиос болох вий гэх болгоомжлол байна?
-Тийм зүйл болох хөрс одоо бүрдсэн байна. Болно гээд л хараад суугаад байвал болчихно. Харин тэр эрсдлээс зайлсхийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй байгаа юм. Тэр нь миний бодлоор үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох явдал юм. Монголын хөрөн-гийн захын үйл ажиллагаа ахиад энэ байдлаараа үргэлжлэх юм бол дан гадны хөрөнгө оруулагчид дийлэнх хувьцааг худалдаад авсан байх болно. Тэгээд богино хугацааны дараа гадны хөрөнгө оруулагчид гараад явахаар нөгөө зах зээл нь шалдаа буутал унадаг. Азийн хямрал яг л ийм зүйл болсон. Тэндээс юу харагдсан бэ гэхээр, гадны хөрөнгө оруулагчдаас хамаарахгүйгээр зах зээлээ аварч үлдэхийн тулд засгийн зүгээс зөв бодлого явуулах, үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох явдал байсан. Өөрөөр хэлбэл, баланслах гээд байна шүү дээ.

Монголын хувьцааг монголчууд өөрсдөө ч авдаг, гадныхан ч авдаг. Ялангуяа дийлэнх хувийг монголчууд авсан байвал бүр сайн гэж хэлэх гээд байна л даа. Үүнд хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Олон улсын эдийн засгийн түүхэнд хөрөнгийн захад даатгалын компани маш чухал үүрэгтэй. Даатгалын компани өөрийнхөө хөрөнгийг тодорхой хэсгээр хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээрээ нэгд, мөнгөө арвижуулж байна, хоёрт хөрөнгийн зах зээлийг тэтгэж дэмждэг, гуравдугаарт нь үндэсний хөрөнгө оруулагч байж чаддаг.

-Даатгалын компани гадных байвал…?
-Гадаадын хөрөнгө оруулалттай даатгалын компани байсан ч гэсэн үндэсний хөрөнгө оруулагч. Учир нь Монгол Улсад бүх сонирхол нь байгаа. Асуултад дурдсанчлан гадны богино хугацаатай хөрөнгө оруулагчид гэдэг бол богино хугацаатай хөрөнгө оруулалтын сангууд, эсвэл хувь хүмүүс. Тэд түр зуурын ашиг олох зорилгоор хувьцаа авчихаад үнэ жаахан унахаар тэсэхгүй бушуухан зараад гараад явдаг.

Монгол Улсын хувьд өнөөдрийг хүртэл даатгалын компани хөрөнгийн зах, хувьцаанд хөрөнгө оруулалт хийх эрхгүй байгаа. Яагаад үүнийг зөвшөөрөхгүй байгаа юм бэ гээд тайлбар асуухаар  “Даатгалын компаниудыг хөрөнгийн зах руу оруулах юм бол арилжаа хийгээд сангийнхаа мөнгийг алдчихна” гэдэг. Үүнд би хүүхдийг хөлд оруулахын тулд гараас нь тавиад явуулах ёстой болохоос биш уначихна, ойччихно гээд байнга тэргэнцэрт нь эсвэл хөтлөөд л яваад байвал тэр хүүхэд явж чадахгүй гэдгийг хэлмээр байна. Унаж, ойчин байж алхсандаа хүүхэд баярлаж, хөөрч байж явж сурдаг. Энэ хүүхэд хөлд орох гэж явж байгаад хөл гараа хугалчихна гээд хэвтүүлээд байдаггүй биз дээ. Гэтэл манайхан ийм л логикоор ажиллаж байна. Унаж үзээгүй, өөрөө хөлд ороогүй, хиймэл аргаар бүрдсэн баахан даатгалын компанитай. Ямар ч чадваргүй, мөлхөө. Би зөвхөн даатгалын компанийг энгийн жишээ болгон ярьж байгаа нь энэ. Түүнээс цааш зөндөө асуудал бий шүү. Үндэсний хөрөнгө оруулагчдыг бэлтгээгүй. Өнөөдөр Монголд хөрөнгийн зах дээр хөрөнгө оруулдаг мэргэжлийн байгууллага байхгүй байна. Хэдэн брокерийн компанитай, гэтэл брокерийн компани гэдэг бол хөрөнгө оруулдаг биш зуучилдаг л компани шүү дээ. Иймэрхүү асуудлууд дээр олон улсын практикийг хуулж ажиллах хэрэгтэй санагддаг юм.

-Хөрөнгийн бирж үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгохын тулд ажиллах боломжтой юу?
-Хөрөнгийн бирж гэдэг бол лангуун дээр байгаа бараагаа ил тод, хуулийн дагуу, эрсдэлгүй байхыг хариуцдаг байгууллага. Энэ бол хөрөнгийн биржийн хийх ажил биш.

Харин энэ ажлыг хийх гээд 76 хүн ажиллаж байгаа гэж боддог. Энэ 76 хүний дор маш том аппарат ажиллаж байна, Засгийн газраас хараат бус Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байна. Тэднээс мэдээлэл аваад, шийдвэрээ гаргаад ажиллахад боломж байна.

-Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажилладаг болсноор технологийн шинэчлэл хийгдэнэ гэж байгаа. Энэ яг ямар шинэчлэл байх вэ, манай бирж олон улсын бусад биржтэй сис-темээр холбогдох боломж бүрдэх үү?
-Миний ойлгож байгаагаар технологийн хувьд аль ч биржтэй холбогдох боломжтой болно. Гэхдээ энэ нь өөрөө шууд холбогдчихдог энгийн хялбар зүйл биш. Эхний ээлжинд Лондонгийн бирж, түүний хөрөнгө оруулалттай бусад биржтэй холбогдох боломжтой болох байх. Яваандаа ер нь дэлхий даяар нэгдсэн IT програм шийдэлтэй болох байх. Дээр үед бирж бүхэн өөрийн системтэй, дэлхий дээр маш олон янзын систем байлаа шүү дээ. Одоо бол ерөнхийдөө цөөрсөөр гол 3-4 систем нь үлдээд байгаа. Ер нь хөрөнгийн зах ганц системтэй болж, нэг хэлээр ярих ёстой. Дэлхий даяар бизнесийн хэл англи хэл гэдэг шиг л. Бид одоо зах зээл дээр ноёлж үлдэж байгаа цөөн системийн нэгийг авч байна гэж ойлгож байгаа. 

-Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дэд даргаар гадаад хүн буюу, арилжааны банкаар мэргэшсэн Питер Морроуг томилсон явдлыг гайхаж хүлээж авч байна. ТУЗ яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Манай хөрөнгийн биржийн ТУЗ маш олон төлөөлөлтэй, хувийн секторын төлөөлөл давамгайлсан анхны хувьцаат компани. Үүгээрээ ч нэлээд онцлогтой ТУЗ. Биржийн ТУЗ дээр бол бид бизнесийн мэргэжлийн ёс суртахууны үүднээс хандсан. Тэгэхээс гадаад хүн, дотоод хүн гэх яриа биш л дээ. Питер Морроугийн хувьд тодорхой хэмжээнд Монголын зах зээл дээр ажилласан хөрөнгийн бирж гэдэг компанид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой хувь хүн, мэргэжлийн этгээд, энэ салбарт бодитой ажиллах мэргэжилтэн гэдэг үүднээс нь сонгосон юм. Түүнээс биш арьс өнгө, угсаа гарал нь сонин биш.

-Санхүүгийн зах хос морьтой явах ёстой гэдэг. Манайд арилжааны  банк дийлэнх хувийг нь гүйцэтгэж, хөрөнгийн зах уначихсан. Харин одоо хөгжүүлэх гэж байна. Ийм үед хөрөнгийн зах дээр арилжааны банкны хүн байх нь хэр тохиромжтой вэ?
-ТУЗ гэдэг бол Хөрөнгийн биржийг хөгжүүлэх байгууллага биш тодорхой хэмжээнд корпорацийн засаглалын төвшинд нь эерэг нөлөөлөл үзүүлдэг байгууллага. Хөрөнгийн биржийг гардаж хөгжүүлэх нь Хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлага юм. Харин ТУЗ нь чиглүүлэх, хянах үүрэгтэй. Хөрөнгийн биржийн ТУЗ хөрөнгийн биржийн гишүүн, хөрөнгийн биржийн мэргэжилтэн хүн байх албагүй. Энэ бол дэлхий даяар баримталдаг зарчим. Өөр өөр секторын төлөөлөл ТУЗ-д нь багтаж, бие биеэ нөхөж ажилладаг. Тухайлбал, гадаадын банкны ТУЗ-д уул уурхайн хүн байдаг. Банкны мэргэжилтэн уул уурхай мэдэхгүй, товчхондоо бол нэг хүн бүхнийг мэдэх боломжгүй. Тиймээс олон талтай, туршлага мэдээлэлтэй хүмүүсийг ТУЗ-д суулгаж, чиглэл өгч ажилладаг.Банк гэдэг бол санхүүгийн зах зээлийн маш том сектор. Үүнийг мэддэг хүн хөрөнгийн биржийн ТУЗ дээр орж ирнэ гэдэг энэ захад маш сайн эерэг нөлөө үзүүлж чадна.

-Хөрөнгийн бирж,  түүний ТУЗ болон Төрийн өмчийн хороо, Үнэт цаасны хорооны хоорондын харилцааг ойлгохгүй байна?

-Одоохондоо Төрийн өмчийн хороо болон Засгийн газрын зүгээс Хөрөнгийн биржид оролцоотой байгаа. Цаашид Хөрөнгийн биржийн ТУЗ бие даан ажиллаж, томоохон асуудлуудаар өөрсдөө шийдвэр гаргадаг болно. Ер нь бол ТУЗ хараат бус цэвэр мэргэжлийн чиг баримжаагаар ажиллах ёстой.

-Лондонгийн бирж, Торонтогийн биржтэй нэгдсэнийг та хувьдаа хэрхэн хүлээж авч байна вэ. Энэ нь манайд ямар нөлөөтэй вэ?

-Хэрвээ нөлөө үзүүлэх бол эерэг нөлөөтэй. Торонтогийн бирж уул уурхайн чиглэлээр дагнасан, энэ салбарын хөрөнгө оруулагчид бүрдсэн байдаг. Харин Лондонгийн бирж олон улсын олон төрөлт компаниуд хувьцаагаа гаргадаг, арилжаа хийдэг олон улсын компаниуд төвлөрсөн бирж юм. Тэгэхээр Лондон Торонтог авч байна гэдэг Лондон олон улсын уул уурхайн зах зээл дээр нэлээд хүчтэй орох стратеги баримталж байна гэдэг нь харагдаж байна. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр орж ирж байгаа нь бидэнд эерэг нөлөө л үзүүлнэ. Монгол бол уул уурхайн маш том зах зээл шүү дээ.

-Тавантолгойн хувьцаанаас иргэддээ тараана гэж байгаа. Энэ хувьцааг ямар байдлаар тараах вэ. Тусдаа данстай байх ч гэх шиг үүнийг тойрсон олон зөрүүтэй мэдээлэл байна. Иргэд бэлтгэлээ базааж зарим нь данс нээлгэх болж?
-Миний харж байгаагаар иргэдэд тараах хувьцааг хэрхэн өгөх боловсронгуй хувилбар гаргаж чадаагүй байх шиг байна. Аль аль төвшиндөө. Тэгэхээр гадны зөвлөхийг авч, энэ салбарт ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж зөв бүтцээр хуваарилах хэрэгтэй. Бидэнд өмнө нь тохиолдож байсан гашуун туршлага байгаа. Тиймээс хувьцааг тараахын өмнө ард иргэдийн хөрөнгийн зах, үнэт цаасны талаарх мэдлэг боловсролыг сайжруулах хэрэгтэй. Өвчтөнд эм өгч байгаа шиг л … Та хэтрүүлж уувал хор болно, тааруулж уувал эм болно гэж хэлээд өгдөгтэй адилхан.

Манайхан Тавантолгойн хувьцааг долдугаар сарын 1-ээс өмнө амжиж хуваарилж өгнө гэж байгаа. Би үүнийг хэт амбицлаг хандаж байна гэж хэлэх байна. Сонгуультай холбоотой улс төрийн шийдвэр юм уу. Сонгуулиас сонгуулийн хооронд хөрөнгийн зах болон эдийн засгийн ийм том шийдвэр гаргаж болохгүй. Энэ бол монголчуудын 100 жил, хэдэн үе дамжин явах чухал шийдвэр шүү дээ. Төрийн зүгээс иргэдэд санхүүгийн талаарх мэдлэг олгох арга хэмжээг сүүлийн 10-аад жил явуулаагүй байж, шууд өгөх нь ач холбогдол өгөхөөсөө илүүтэй хор хөнөөл дагуулж ч магадгүй.

-Иргэд хувьцаа эзэмшсэнээр ногдол ашиг авна, эсвэл зарна гэсэн хоёр сонголтын тухай ярьж байна?

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөөд тэр даруйд нь чөлөөлөхгүй, ахиад тодорхой хугацаанд явуулсан нь зөв байх. Иргэдийн тэр хувьцааг төлөөлдөг институц байгуулах хэрэгтэй. Тэгээд иргэдийн төлөөлөл нь компанийн ТУЗ-д хүнээ ажиллуулах ёстой. Харин тэр иргэдийн төлөөлөл маань мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Иргэдийн төлөөлөл гээд иргэний хөдөлгөөний тэргүүн байх биш шүү. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй, компанийн ТУЗ-д байгаа хүн мэргэжлийн, бизнес яаж явдаг вэ гэдгийг мэддэг, иргэдийн эрх ашгийг хамгаалах тийм хүн байх хэрэгтэй байхгүй юу. Хэн ч иргэний төлөөлөл байж болно шүү дээ, Монголбанкны ерөнхийлөгч хийж байсан хүн иргэний төлөөлөл биш юм уу.

-Иргэдэд санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгийн захын талаарх мэдлэг боловсрол олгох сургалт зохион байгуулахад Засгийн газар хөрөнгө гаргаж, иргэдэд мэдлэг олгоно гэсэн?

-Би үүнийг л яриад байна. Сүүлийн 10-аад жил манайх энэ чиглэлээр ямар ч сургалт зохион байгуулсангүй. Тийм байж иргэдэд хувьцаа тараана гээд байдаг. Манай холбоо Монголдоо энэ салбарын хамгийн том сургалтыг зохион байгуулдаг байгууллага. Би өөрийнхөө холбоог рекламдаад байгаа юм биш, өнөөдрийг хүртэл над дээр нэг ч хүн ирээд сургалтын талаар санал тавьсан юм алга. Сургалт хэзээ үр дүнтэй болдог вэ гэвэл хүмүүст юм сургая гэж бодсон хүмүүс л сургаж чаддаг байхгүй юу. Бид ашиг харахгүйгээр үнэхээр энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл олгоё гэсэндээ ажиллаж чаддаг. Гэхдээ бидэнд дэмжлэг хэрэгтэй байна, би үүнд мөнгөний тухай яриагүй шүү. Түүнээс  биш Сангийн яаманд даалгавар өгөөд, тэндхийн нэг газрын дарга нь ажилтнаа 5000 хүнд хичээл заачихаад ир гэвэл энэ бол сүйрэл. 

-Манайхан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн IPO-г энэ онд багтаана гэж яриад байна. Харин гадны мэргэжилтнүүдийн туршлагаар болон манай улсын гадаадын биржид IPO хийсэн компаниудын жишээг харахад 2-3 жил шаардлагатай гэсэн. Нэг жилийн дотор манайх “Эрдэнэс Тавантолгой” дээр IPO хийх боломжтой юу?
-Болох нь болно. Нэг жил гэдэг бол харьцангуй богино хугацаа, үүнд амжиж гаргана гэвэл болно л доо. Гэхдээ манайд ийм хугацаанд тэр нүсэр ажлыг хийх чадвар хангалттай байна уу, үгүй юү. Богино хугацаанд хийсэн юм эрсдэл өндөртэй.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж