П.Лхамдэгд аваргын төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

П.Лхамдэгд аваргын төлөө барилдахаар боллоо

Чехийн нийслэл Праг хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж буй IJF-ийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээний -78 кг-ын жинд Монголын жүдоч П.Лхамдэгд аваргын алтан медалийн төлөө барилдахаар болоод байна. Энэ удаагийн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д дэлхийн 41 орны 247 жүдоч оролцож байгаа бөгөөд манай улсаас долоон жүдоч Прагийн татамид хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр 52 кг-ын жинд Б.Солонго, М.Уранцэцэг нар, 57 кг-д М.Бундмаа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар барилдсан боловч медалийн тавцанд гарч чадаагүй. Харин өнөөдөр 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-ын жинд Д.Цэрэнханд нар барилдсанаас ОУХМ П.Лхамдэгд аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Дюссельдорфын Гран-пригаас алтан медаль зүүсэн П.Лхамдэгд D хэсэгт сугалаа таарсан бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Японы Томоко Ишимотог цэвэр, дараа нь Германы Улрике Шербартыг мөн цэвэр ялснаар хэсгийн аварга болжээ. Улмаар Бельгийн жүдоч Катерин Жакиг юүко үнэлгээгээр ялснаар “Дэлхийн цом”-ын тэмцээний аваргын төлөө Японы бөх Хитоми Икедатай барилдахаар болжээ.

Мөн өнөөдөр Прагийн татамид зодоглосон Ц.Наранжаргал 70 кг-ын жинд эхний тойрогтоо Чехийн Мартина Блаховаг цэвэр ялсан боловч удаахь барилдаандаа Швейцарийн Стефани Эггерт ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол +78 кг-д Д.Цэрэнханд мөн л эхний тойрогт ялсан ч дараагийн барилдаандаа Мексикийн бөхөд ялагдаж, өрсөлдөөнөөс хасагджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж