Жүдочид эхний өдөр медаль хүртсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Жүдочид эхний өдөр медаль хүртсэнгүй

Польшийн нийслэл Варшав болон Чехийн нийслэл Праг хотноо өчигдөр эхэлсэн “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдөр манай жүдочид медалийн тавцанд гарч чадсангүй. Варшавт үргэлжилж буй эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д манай 14 жүдоч зодоглож байгаа. Гэхдээ тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр 60, 66, 73 кг-ын жингийн барилдаан болсон бөгөөд манай тамирчдаас 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, Х.Бүүвэйбаатар, харин 73 кг-д Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нар “Дэлхийн цом”-ын дэвжээнд хүч үзсэнээс С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарсан бол Х.Бүүвэйбаатар, Г.Одбаяр нар долдугаар байрт шалгарчээ. Харин өнөөдөр манай жүдочдоос 81 кг-д Б.Амбасэлмаа, Р.Анхбаатар, 90 кг-ын жинд Б.Ариун-Эрдэнэ, С.Батбаяр, Э.Энхбат нар, -100 кг-д  Б.Бат-Орших, +100 кг-д Б.Төгөлдөр, Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нар Варшавын татамид зодоглоно.

Праг хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын тэмцээний тухайд эхний өдөр 48, 52, 57 болон 63 кг-ын жинд медалийн эзэд тодорсон. Харамсалтай нь, дээрх жингийн ангилалд барилдсан Б.Солонго /52 кг/, М.Уранцэцэг /52 кг/, М.Бундмаа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар шагналын тавцанд гарч чадсангүй. Харин өнөөдөр Монголын эмэгтэй жүдочдоос 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д Д.Цэрэнханд нар барилдана.

Барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж