Н.Төгсцогт дахин яллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт дахин яллаа

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос санаачлан зохион байгуулж буй “World Series of Boxing” тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр орой ээлжит тулаанаа хийж, ялалт байгууллаа. Азийн бүсийн ширүүн өрсөлдөгч Азербайжаны “Баку Файерс” багт харьяалагдаж буй залуу гавьяат өчигдөр болсон тэмцээний 10 дугаар тойргийн хүрээнд БНСУ-ын боксчин Сео Дунсиктай нударга зөрүүлж, оноогоор ялснаар гурав дахь ялалтаа авсан байна. Тэмцээний 10 дугаар тойрогт “Баку Файерс” баг Өмнөд Солонгосын “Похан Посейдонс” багтай таарсан бөгөөд хоёр багийн тулаан Сөүл хотын Боловсрол, соёлын төвд өчигдөр орой Монголын цагаар 21.00 цагаас эхэлж, зочин баг ерөнхий дүнгээр 5-0 харьцаатай ялалт байгуулсан юм. Манай тамирчны хувьд bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлсөн бөгөөд ийнхүү WSB тэмцээнд гурав дахь тулаанаа хийж, гурав дахь ялалтаа авлаа. Тэмцээний дүрэм ёсоор тамирчид гурван минутаар таван үе өрсөлдөх бөгөөд тоглолтын дүнг гурван шүүгчийн шийдвэрийг харгалзан гаргадаг. Харин Н.Төгсцогт өчигдрийн тулаанд 49:46, 48:47, 49:46 харьцаатай гурван шүүгчийн 100 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Дашрамд дурдахад, WSB тэмцээн 12 тойрог үргэлжлээд хагас шигшээд өрсөлдөх багууд тодрох бөгөөд 10 тойргийн дараах байдлаар “Баку Файерс” баг есөн тойрогт ялж, нэг тойрогт ялагдсанаар 28 оноотой Азийн бүсийг итгэл төгс тэргүүлж байна. Тэд дараагийн тулаанаа ирэх сарын 12-нд Казахтсаны “Астана Арланс” багийн эсрэг хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж