“Beat Detector’s” party болно

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Дуучин Quiza  төрсөн ах Болдтойгоо  хамтран “Дунд гол” продакшн байгуулж, хамтарсан уран бүтээл болох “Хөх тэнгэр мэднэ” дуу хийж байсныг та бүхэн сайн мэдэх биз ээ. Уран бүтээлийн ганзага тун сайн нийлдэг ах, дүү хоёр өнөөдөр  “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Sky Lounge”-д  21.00 цагаас  “Beat Detector"s" party хийх гэж байна. Энэхүү party-г зохион байгуулж байгаа “Дунд гол” продакшны уран бүтээлч Болдтой уулзаж, өнөөдөр болох  “Beat Detector"s"  party-ны талаар сонирхлоо.

 “Beat Detector"s"  хөгжмийн үдэшлэгийг цаашид уламжлал болон сар бүрийн сүүлийн долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулж байх гэнэ. Бусад үдэшлэгээс ялгарах онцлог нь jazz, punk, soft, латин америк, нью жааз гэх мэтийн Монголд хараахан дэлгэрч амжаагүй урсгалуудыг илүү дэлгэрүүлэхэд чиглэгдэх юм билээ.

-Өнөөдрийн үдэшлэгт оролцох DJ нараа танилцуулахгүй юу?

-Энкүүл, Баасанжав, Эмаар гээд яг энэ хөгжмийн урсгалаар тоглодог DJ нар оролцоно. Залуучууд эдгээр DJ нарыг сайн танихгүй байж магадгүй. Тиймээс өнөөдөр ирж, тэдний хэн болохыг мэдрээсэй гэж бодож байна. Манайхан цөөн тооны DJ нарын нэрийг л мэдэхээс биш тэр бүр хөгжим талаас нь ийм урсгалаар тоглодог гээд мэргэжлийн хүрээнд бол сайн мэддэггүй юм шиг санагддаг. Энэ үдэшлэгийн зорилго нь хөгжим сонирхдог залуучуудад шинэ хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэхэд оршиж байгаа.

-Манайхан DJ нарын үдэшлэг гэхээр л транс хөгжмийн доргио, чих дөжрөм аяар төсөөлдөг. Танай үдэшлэгийн үүнээс өөр гэж ойлгож болох уу?

-Тийм чанга хөгжмийн хэмнэлтэй биш. Жишээ нь, залуучууд гэртээ найзуудтайгаа хөгжим сонсоод хоорондоо ярилцах маягаар үдшийг өнгөрүүлдэг шүү дээ. Яг тийм маягаар маш чөлөөтэй ярилцаж болох тансаг орчинд гоё хөгжим сонсгохыг л бид хүсч байгаа юм. Залуусыгаа энд ирж, өөрийнхөө байгаагаар таашаал аваачээ л гэж уриалах байна даа.

-Дуучин Quiza та хоёр хэсэг уран бүтээлчидтэй хамтран “Дунд гол” продакшн байгуулсан. Уран бүтээлийн ажил сайн биз дээ?

-“Дунд гол” продакшныг “Соёлын хөдөлгөөн” гэж нэрлээд байгаа л даа. Дүү бид хоёроос гадна дүрслэх урлаг, дизайн, залуусын уран бүтээлийн нэгдэл гэж хэлж болно. Цаашдаа “Дунд гол” гэдэг брэнд гаргахаар соёлын хөдөлгөөн эхлүүлээд байна гэж ойлгож болно гэсэн үг. Бид хоёр өөрсдийн хөгжмөө “Дунд гол” нэрээрээ хийнэ. Мөн өнөөдрийн үдэшлэгт ажиллах DJ нар “MIX” цомог гаргаж байна. Дэлхийн хаана ямар уран бүтээлчид шинээр төрж байна, тэр бүтээлүүдээр mix хийгээд гаргаж байна. “Дунд гол” ганц хөгжмийн бүтээл хийхгүй. Бид залуустай хамтран хувцас, дүрслэх урлаг гээд урлагийн олон салбарыг сонирхохыг хүсч байгаа.

-Яг одоогоор та бүхэн ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-МҮОНТ-ийн “Нууц товчоонд нэвтрэхүй” реалити шоунд зориулсан дуун дээр ажиллаж байгаа. Удахгүй цацагдана. Мөн энэ үдэшлэгтээ зориулж “Дунд гол” нэртэй  mix цомог, лого бүхий футбольк гаргаж байгааг дашрамд сонирхуулж хэлье. Та бүхнийг өнөөдрийн гоё үдэшлэгт урьж байна, залуус аа. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж