Х.Цагаанбаатар жин өгсч барилдана

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар жин өгсч барилдана

Польшийн нийслэл Варшав хотноо эрэгтэйчүүдийн, харин Чехийн Праг хотод
эмэгтэйчүүдийн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өнөөдөр эхэлж байна.
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”, “Гран-при” болон
“Дэлхийн цом” ангилалд багтах цуврал тэмцээнүүдийн түрүүч нь ийнхүү
Варшав болон Чехийн “Дэлхийн цом”-оор өндөрлөж байгаа бөгөөд гуравдугаар
сард жүдочид олон улсын чанартай тэмцээнд оролцохгүй, харин дөрөвдүгээр
сард тивийн аваргын тэмцээнүүд болж, улмаар тавдугаар сараас дахин
цуврал тэмцээнүүд үргэлжлэх юм.

Монголын жүдочдын хувьд нэгдүгээр сарын дундуур болсон Бакугийн “World
Masters”-аас эхлээд Парисын “Их дуулга”, Будапешт болон Обервартад
болсон “Дэлхийн цом”, залгуулаад Дюссельдорфын “Гран-при” гээд дөрвөн
тэмцээнд үргэлжүүлэн зодоглож, оролцсон тэмцээн бүрээсээ медаль зүүгээд
байгаа. Тэр тусмаа тэмцээн бүрт Монголоос аль нэг жинд аварга төрсөн нь
бахархууштай.

Харин энэ удаад Варшавт болж буй эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д манай
эрэгтэй 14, харин Прагийн “Дэлхийн цом”-д эмэгтэй долоон жүдоч хүч үзэх
гэж байна. Эрэгтэйчүүдээс 60 кг-д Ч.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа,
Х.Бүүвэйбаатар нар зодоглох бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар8
ШШГЕГ-ын тамирчин Х.Цагаанбаатар жин өгсч 73 кг-ын жинд барилдахаар
болжээ. Дэлхийн аваргын хамт 73 кг-д Г.Одбаяр зодоглоно. Түүнчлэн 81
кг-д Б.Амбасэлмаа, Р.Анхбаатар, 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ, Э.Энхбат,
С.Батбаяр, -100 кг-д Б.Бат-Орших, +100 кг-д Б.Төгөлдөр, Б.Сугаржаргал,
Х.Мөнхбаатар нар хүч үзэх юм. Харин Прагийн татамид манай эмэгтэй
жүдочдоос 52 кг-ын жинд Б.Солонго, М.Уранцэцэг, 57 кг-д М.Бундмаа, 63
кг-д Ц.Мөнхзаяа, 70 кг-д Ц.Наранжаргал -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д
Д.Цэрэнханд нар барилдахаар болжээ.

Барилдаан Монголын цагаар 17.00 цагаас эхэлнэ. Уламжлал ёсоор эхний өдөр
хөнгөн жингийн барилдаан болж, маргааш үлдсэн жинд аваргууд тодрох юм.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж