Н.Төгсцогт өнөөдөр тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт өнөөдөр тулалдана

“World Series of Boxing” тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн эх орныхоо нэрийг гаргаж яваа Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр орой гурав дахь тулаанаа хийх гэж байна. Тэмцээний есөн тойргийн дараах байдлаар Азийн бүсийг тасархай тэргүүлж буй Азербайжаны “Баку Файерс” багтай гэрээ байгуулсан Н.Төгсцогт өнөөдөр орой Монголын цагаар 21.00 цагаас БНСУ-ын боксчин Сео Донсиктай тулалдах юм.

WSB тэмцээний 10 дахь тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болох бөгөөд тус тойрогт “Баку Файерс” Өмнөд Солонгосын “Похан Посейдонс” багтай таараад байгаа. Харин манай тамирчны хувьд bantamweight буюу 50-54 кг-ын жинд багаа төлөөлөх юм. Хоёр багийн тулаан “Посейдонс”-ын “гэр” болох Сөүл хотын Боловсрол, соёлын төвд болно. Н.Төгсцогт “World Series of Boxing” тэмцээнд хоёр тулаан хийж, хоёуланд нь ялсан бол энэ удаагийн өрсөлдөгч болох Сео Донсик нь тэмцээний эхний тойргийн хүрээнд Казахстаны багийн тамирчин Канат Абуталиповтой тоглож, ялагдсан ажээ.

Дашрамд сонирхуулахад, залуу гавьяат Н.Төгсцогт “World Series of Boxing” тэмцээнд оролцож байгаа учир энэ жилийн боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнжих юм. Боксын УАШТ энэ сарын 28-наас гуравдугаар сарын 6-ны өдрүүдэд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж