Тавантолгойн төсөл анхаарлын төв байлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төсөл анхаарлын төв байлаа

“Coal Mongolia-2011” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн арга хэмжээ ерөнхийдөө компаниудын танилцуулгаар үргэлжилсэн. Мнголд нүүрсний чиглэлээр ямар ямар төсөл хэрэгжиж байгаа болон энэ төсөлд Засгийн газраас хэр ач холбогдол өгч байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг багагүй татаж буй нь илт байсан. Хөшөөтийн кокс нүүрсний төслийн бүтээн байгуулалт болон Хүннү Коал компанийн төслүүд, Овоотын коксжих нүүрсний өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Энэ өдрийн чуулганы хамгийн гол сонирхол татсан сэдэв бол Тавантолгойн төсөл. “Эрдэнэс MGL”-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбишийн тавьсан илтгэл оролцогчдын анхаарлыг багагүй татсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч байгаа энэхүү төслийн тендерт хэн ялах бол гэсэн битүүхэн атаархал, таамаг гадаадынхны дунд үлдсэн болов уу. Юутай ч Монгол Улсын нүүрсний салбарт мөнгөний урсгал чиглэгдэж байгаа нь чуулга уулзалтаас анзаарагдсан. Тавантолгойн төсөл хэрэгжихтэй холбоотойгоор хамгийн түрүүнд шаардагдах дэд бүтэц, ачаа тээвэрлэлтийн асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй гэх санал гарсан юм. Энэхүү чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдэд тусгахыг зохион байгуулагчдын зүгээс тавих гэнэ. Чуулга уулзалт ярих, хэлэлцэхдээ биш эндээс ажил хэрэг болохуйц санааг авч хэрэгжүүлэх л чухал гэдгийг оролцогчид Монгол Улсын Засгийн газарт анхааруулна лээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж