Барилгын компаниудыг торголоо

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Барилгын компаниудыг торголоо

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас чанаргүй барилга барьдаг компаниудын нэрийг зарлана хэмээн өчигдөр мэдээлсэн. Тус газар шинээр ашиглалтад орсон орон сууцны барилгын чанар байдалтай холбоотой гомдлын мөрөөр хяналт шалгалтыг энэ оны нэгдүгээр сараас хоёрдугаар сарын 15-ны хооронд хийжээ. Шалгалтаар “Эск инженеринг” ХХК-ийн Баянгол дүүргийн X хороололд барьж ашиглалтад оруулсан 65-р байр, “Шилмэл шилтгээн” ХХК-ийн Баянзүрх дүүрэгт барьж ашиглалтад оруулсан “Дүнжингарав” хороолол, “Эко констракшн” ХХК-ийн Баянзүрх хотхонд дараах зөрчлүүд илэрсэн байна. 

“Эко констракшн” ХХК-ийн хувьд угсралт тохируулгын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байранд оршин суугчдыг оруулжээ. Мөн улсын комисс хүлээж авсан орон сууцнуудын оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олголгүй хоёр жил жил болжээ. Түүнчлэн барилгадаа чанаргүй материал ашигладаг, халаалт, цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангадаггүйгээс ус алдах зэргээр оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг байна.

“Эск инженеринг” ХХК-ийн хувьд барилгын зураг төслийг дур мэдэн өөрчилж, дотор ханыг нь шаардлага хангахгүй материалаар барьсан байна. Үүнээс болж хоёр айлын яриа чөлөөтэй сонсогдож, оршин суугчид амар тайван амьдрах ямар ч боломжгүй болжээ. “Шилмэл шилтгээн” ХХК-ийн хувьд барилгын орцны хаалга, домофон систем нь барилга ашиглалтад орсноос хойш жил хүрэхгүй хугацаанд эвдэрч гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй байсан зөрчлүүд илэрчээ. Эдгээр зөрчил нь Барилгын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудын заалтуудыг тус тус зөрчжээ. Тиймээс хуулийн дагуу “Эск инженеринг” болон “Эко констракшн” ХХК-нд тус бүр 10 сая төгрөг, “Шилмэл шилтгээн” ХХК-д 200 мянган төгрөгийн торгуулийг ногдуулсан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж