Хүүхдийн эмнэлэг барих талаар үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлэг барих талаар үүрэг өглөө

Хүүхдийн эмнэлэг барих талаар Кувейттэй хийсэн яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 12 дугаар сард эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзахдаа эрүүл мэндийн салбарт цогц шинэчлэл хийх шаардлагатайг онцлон тэмдэглэж, ажил хэрэг болгох үүрэг даалгавар өгч байсан юм. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас тус салбарт хийх цогц шинэчлэлийн төлөвлөгөөг баталж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нааштай ахиц гарч эхэлжээ.

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр буюу 2011 оны хоёрдугаар сарын 25-ны энэ өдөр Эрүүл мэндийн яаманд эхэлсэн “Нийтийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцож үг хэллээ. Ингэхдээ тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг Монгол Улсад барих талаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсон гэдгийг онцлон хэллээ. Иймд эрүүл мэндийн салбарын удирдлагуудад уг асуудлыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах үүрэг өглөө. Засгийн газрын тэргүүн  монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай, орон сууцтай байх учиртай. Энэ зорилтын төлөө анхаарч ажиллаж байна. Монгол хүн бүр эрүүл байх нь хамгийн чухал. Иймд манай Засгийн газар эрүүл мэндийн салбараа дэмжиж ажиллаж байгаа, цаашид ч дэмжих болно гэдгээ тус салбарын удирдлагуудад илэрхийллээ. Өнгөрсөн 2010 онд тус салбарт эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдаж, мянганы хөгжлийн зорилтын гол үзүүлэлт эхийн болон нэг хүртлэх насны хүүхдийн эндэгдэл буурч, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Олон улсын стандартад нийцсэн оношлогоо, эмчилгээний төвүүдийг байгуулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийж эхлээд байгаа гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд томоохон барилга байгууламжуудийг барьж байгуулах шийдвэрүүдийг Засгийн газраас дэмжсэн, тодорхой үр дүнгүүд гарч байгаа талаарх мэдээллийг өглөө. Энэ талаар олон арга хэмжээ авч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч эмчилгээ, оношлогоо хийлгэхээр гадаад орныг зорих иргэдийн тоо буурахгүй байгаад Ерөнхий сайд шүүмжлэлтэй хандаж байлаа.

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу 5054 хүний суудалтай спортын ордныг байгуулан ашиглалтад оруулсан. Түүнчлэн Өвөрхангай, Төв, Баян-Өлгий аймгийн 600 суудалтай спорт цогцолборын суурийг тавьж, нийслэлийн зургаан дүүрэг, хэд хэдэн аймагт усан бассейн бүхий спортын ордны зураг төсөл хийх, барьж эхлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны төсөвт тусгасан. Энэ дагуу аймаг, дүүрэг бүрт спорт цогцолбор барьж байгуулах ажлыг цаашид үргэлжлүүлэн хийхийг Ерөнхий сайд С.Батболд орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.   Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хийгдэж амжаагүй, хэрэгжилт удааширсан зорилтыг хурдасгах талдаа чармайлттай ажиллах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага ч байгаа гэдгийг онцлоод эрүүл мэндийн салбарынхныг Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж