Францын нэрт хөгжмийн зохиолч К.Сен-сансын “Амьтдын наадам” цуврал зохиолыг Б.Зоригтын найруулгаар тоглох аж. Түүнийг задалбал “Оршил буюу араатны хаан арслангийн марш”, “Эр, эм тахиа”, “Хурдан хөлт амьтад”, “Яст мэлхий”, “Заан”, “Кенгуру”, “Ойн гүн дэх хөхөө” гэхчлэн үргэлжилнэ. Дараагийн бүтээл нь мөн Б.Зоригт багшийн найруулга Ж.Бизе-Р.Щедриний “Кармен” сюит бөгөөд энэ бүтээл 13 богино хэсгээс бүрдэнэ. Үүнийг Морин хуурын чуулгатай хамтарч тоглоно. Тоглолтын төгсгөлд нэрт хөгжмийн зохиолч З.Хангалын “Эрдэнэсийн уулс” бүжгийн жүжгийн хэсгээс Б.Зоригт багшийн найруулснаар тоглох юм байна. Монголын хөгжмийн соёлд үнэтэй хувь нэмэр оруулсан З.Хангал агсны бүтээл туурвилаас байнга тоглож, ганган гоёмсог, хүчирхэг зохиолуудыг нь мөнхжүүлэн хойч үеийнхний сэтгэлд ч хадах нь тус чуулгын уран бүтээлийн зорилгод хүндтэй байр эзэлдэг.
Сонирхуулахад тус чуулгын бүрэлдэхүүнд Б.Зоригт багшийн үе үеийн шавь нар багтдаг. Хилийн чанадад, орон нутагт байсан ч томчууд нь ажлаа зохицуулаад ирж энэхүү шинэ уран бүтээлийн “Найруулга” тоглолтдоо хамтардаг уламжлалтай. “Бөртэ” хамтлагийн Хөлгөө, Төгсөө, Морин хуурын чуулгын Жавзаа, “Алтан ураг”-ийн Болроо гээд уран бүтээлээрээ алдаршсан хамтлаг чуулгад тоглодог цохивор хөгжимчид ч нэгддэг юм.
Энэхүү чуулга сүүлийн жилүүдэд Монголын хөгжмийн урлагийн өнгө төрхөд өөрийн гэсэн хөг, хэмнэлээр гялбаа нэмж буй. Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн тэнхмийн эрхлэгч, Улсын филармони, ҮДБЭЧ-ын хөгжимчин, соёлын болон боловсролын тэргүүний ажилтан Б.Зоригт багш ийнхүү жил бүрийн хавар “Найруулга” нэрийн дор шинэ уран бүтээл туурвиж өөрсдийн болоод ер нь Монголынхоо хөгжмийн урлагийн сан хөмрөгийг баяжуулсаар байгаа билээ.