Ерөнхийлөгч Дундговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Дундговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж туулай жил гарснаас хойш хөдөө орон нутаг дахь анхны томилолтоо Өвөрхангайгаас эхэлж Баянхонгор, Архангай аймгуудад ажилласан билээ. Энэ удаа Дундговь, Төв аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Дундговь аймгийг зорьж, зам зуур тус аймгийн Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн  малчин Д.Юндэнгийнд зочиллоо. Эрдэнэдалай бол сүүлийн 40 жил дараалан улсад адуу болон хонин сүргийн тоогоороо тэргүүлж байгаа сум. Хүн ард нь ажилч хөдөлмөрч, мал сүрэг нь арвин гэдгээрээ алдартай билээ. Сум 6 мянга гаруй хүн амтай, 158 мянган малтай. Д.Юндэнгийнх малч удамтай, нутагтаа “Өндөрүүд” гэж алдаршсан айл юм. Энэ жил 1420 толгой мал тоолуулжээ. Тэрээр өнөө жил Улсын сайн малчин болсон юм.

-Манай гэр бүлд улсын, аймгийн, сумын сайн малчин бүгд бий. Өнгөрсөн жилийн зуднаас сургамж авч, зундаа уйгагүй ажиллаж, малын тэжээл бэлдэж, бэлчээрээ хашаалсны хүчинд өвлийг өнтэй сайхан давлаа гэж тэр ярилаа.

Малчин Д.Юндэнгийн гэрт Ерөнхийлөгчийг угтахаар ирсэн хот айлын хүмүүс, сум орон нутгийн удирдлагын хооронд малын бэлчээрийн тухай яриа өрнөж байлаа. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, цаг агаарын дулаарал болж байгаа энэ цаг үед малчид бид бэлчээрээ зохицуулж, даацаа тааруулж, хашаалах гэх мэт арга хэмжээ авах нь зөв юм гэцгээж байна. Өнгөрсөн жил орос, монголын эрдэмтэд энэ газар нутагт бэлчээрийн нарийн судалгааг хийжээ. Хаана хаана бэлчээр нь хэр зэрэг даацтайг тогтоож өгсөн байна. Дундговь бол сүүлийн жилүүдэд дулаарлын сөрөг нөлөөллийг хамгийн их амсаж байгаа нутаг юм. Иймээс иргэд өөрсдөө хэрхэн бэлчээр нутгаа хамгаалах талаар санаачилгатай ажиллаж амьдрах болжээ. “Бүх нийтээр мод тарьдаг өдөртэй болох гэх мэт байгаль хамгаалах талаарх таны санаачилгууд биднийг их баярлуулж байгаа” гэж орон нутгийн удирдлага ярьж байлаа. Ерөнхийлөгч эндээсээ Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвийг зорилоо.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж