“Хар хүний өмнөөс шар хүн”

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Хар хүний өмнөөс шар хүн”

Х.Бат-Ялалт гэж баттай ялж ч чаддаггүй баттай ялагдаж ч чаддаггүй нэг хүн байна аа. Нэг хэсэг чимээгүй байж байснаа гэнэт гараад ирнэ. Тэгээд хэсэг хэвлэлийн хурал хийж жаахан “хуурай агсам” тавьчихаад алга бол­чихно. Хоёр хоногийн өмнө түүний бас нэг хурал болж Их Британид хоригдож байгаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Их британичууд суллах ёстой гэж ярив. Үргэлжлүүлээд Их Британийн ЭСЯ-ны гадна очиж баахан жагсаал хийв. “Хар хүний өмнөөс шар хүн” гэж нэг зүйр үг санаанд оров. Үнэндээ энэ эмзэг асуудалд эхнэр хүүхэд, ах дүү нар нь хаширласан уу яасан нэг ч үг дуугараагүй байхад Х.Бат-Ялалт юу юм бэ. Болохгүй асуудал болгонд санаа нь зовоод байгаа нь мэдэгдэхгүй, хэрэгт дурлаад байгаа нь ойлгогдохгүй өөрийгөө зольж явдаг тэр хүн ер нь хэн болж таарч байна аа. Бараг л “Англид үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Б.Хурцыг суллатал битгий худалдаж аваарай” гэх нь л холгүй байх юм. Уг нь нэг иргэн нь хүний нутагт гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй шаналж суухад энд хэн нэгэн шоу хийгээд байгаа ч юм шиг салбаганах нь зохимжгүй гэж ярих юм. Ард түмэн Б.Хурцыг баригдсанаас нь хойш л таньж эхэлсэн. Түүний төлөө Засгийн Газар, ГХЯ, ХЗДХЯ гээд хангалттай анхаарал тавьж байгаа. Энэ олон анхаарал дунд тэр орж ирэх нь инээдтэй харагдаж байна. Их Британийн ЭСЯ-ны үүдэнд болсон жагсаал дээр Б.Хурцын асуудлыг ярих гэж очсон хэрнээ “Rio Tinto-г монголоос гарахыг шаардаж байна” гэсэн бичигтэй шаардах хуудас өргөсөн байсан. Мөн “Монголын Хөрөнгийн биржийг Англид өгөхгүй” гэсэн лоозон  барьсан байна лээ. Ганц Б.Хурцаас болоод бид өөрсдийн түншээ хөөх юм байна л даа. Явж явж Х.Бат-Ялалт гэж залуу юу ярих гээд юу яриад байгааг нь хэн ч ойлгоогүй. ОХУ, АНУ гэсэн дэлхийн хоёр том гүрэн хүртэл нэг нэгнийхээ тагнуулыг баривчиллаа гэ¬сэн мэдээлэл их л гардаг. Яваандаа ойлголцоод асуудал шийдэгдлээ л гэдэг. Гэтэл Х.Бат-Ялалт л гэж бөөн сүр болгоод байх юм. Ядахдаа онож цуглаач.

Б.Энхмөнх /”Улс төрийн тойм” сонин/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж