Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Лиценз цэгцлэгч

“Урт нэртэй” хуулийн балаг уу, гавьяа юу  хэлж мэдэхгүй байна. Ямар ч гэсэн уг хуультай холбоотойгоор  төрийн бас нэгэн албан тушаалтныг хуулийн байгууллага үүдэндээ дуудсан гэнэ. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийг бүрэн  эрхийнхээ хүрээнд  Урт нэртэй хуулийг зөрчиж  ашигт малтмалын 192 лицензийг олгох шийдвэр гаргасан  тул “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн” гэж үзэн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар прокурорын даалгавар бичиж АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн гэж буй юм. Үнэн, худал нь тодорхойгүй ч түүнтэй холбоотой ийм шуугиан дэгдэв. Гэтэл Ашигт малтмалын газрынхан болохоор өнөөдрийг хүртэл үүнээс өөр тайлбар хийсээр өнөөг хүрсэн билээ. Тус газар шинэ бүтцээр ажиллаж эхэлснээсээ хойш  Урт нэртэй хуулийн дагуу хавтгайрсан лиценз олголтыг цэгцэлсний дүнд 6200 гаруй лицензийн тоог 4000 гаруйгаар цөөлсөн гэж тайлбарладаг. Тиймээс одоо Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 16.3 хувийг лицензтэй талбай  эзэлж буй гэж байна. Түүнчлэн Д.Батхуяг даргыг нэр цэвэр хүн гэж өнөөг хүртэл аль ч хүрээнд ярьдаг. Тэр ч бүү хэл уул уурхайн салбарынхан ч тус газрын өмнөх дарга нарыг бодоход хүнд суртал гаргаж, элдэв дарамт шахалт үзүүлээд байдаггүй ажил хэрэгч хүн хэмээн магтах нь бий. Гагцхүү энэ удаад түүний “Урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг хангаж, хайгуулын хэрэггүй олон лицензийг цэгцэнд нь оруулах гэж хичээсэн өнгөрсөн хугацааны үйлдэл нь хэний эгдүүцлийг төрүүлсэн нь сонин байгаа аж. Учир нь, сүүлийн үед Ашигт малтмалын газрын удирдлага руу ирэх дайралт эрчимжиж “Энэ лицензийг үлдээж, тэр лицензийг хоригло“ гэсэн шахалт олноор ирж буй сураг дуулдаж байсан. Тэгэхээр “Ажил хийж байгаа нэгнээ айлгаж, дарамталдаг жишиг энэ удаад Д.Батхуяг руу чиглэв үү” гэх дүгнэлт ч бас худлаа биш байж болох юм шүү.

Н.Мөнхтөвшин /”Улс төрийн тойм” сонин/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж