Германчууд “Эрдэнэс Тавантолгой”-г мэдэлдээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Германчууд “Эрдэнэс Тавантолгой”-г мэдэлдээ авлаа

Германчууд Б.Хурцаар наймаалцаж, “Эрдэнэс Тавантолгой”-г мэдэлдээ авлаа

 Б.Хурцын асуудал үнэхээр хурц болчихоод байна. Английн шүүх өнгөрсөн долоо хо¬ногт түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргаж, 17 хоногийн дотор давж заалдах хугацаа өгсөн билээ. Харин үүний дараахан буюу уржигдар Германы “Дойче” банк “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргах гол зохион байгуулагчаар тодров. Хэдийгээр дэлхийд нэр хүндтэй 16 банк энэхүү сонгон шалгаруулалтад оролцсон ч Монголын тал германчуудын талд гар өргөсөн нь сонирхол татаж эхэллээ. Олон нийтийн дунд ч “Германчуудад Б.Хурц үнэтэй юү, аль эсвэл Монголын баялаг уу” гэдэг асуудал хэдийнэ үүсчихээд байна.

Герман улс дэлхийн зах зээлд газрын ховор элементээр Хятадтай өрсөлдөх бодлого явуулж байгаа. Их гүрний энэ сонирхол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд саатуулах үед улам ил тод болсон. Харин монголчууд германчуудын эрдэнэс эзэмших амбицад дөрөөлөн нуу­цын албаны ажилтнаа суллуулах оролдлого хийсэн ч хэдэнтээ бүтэлгүйтэв. Учир нь Англи, Герман улс Европын холбооны улсуудын хууль, тогтоомжуудаар сүрдүүлж, Б.Хурцаар дэнчин тавьж байна. Түүнийг өнгөрсөн онд биш, бүр 2003 онд баривчилж болох уу гэвэл болох байсан. Гэвч Монголын баялаг их гүрнүүдийн анхаарлыг татаж эхлэхтэй зэрэгцэн цэргийн тагнуулч Диксоныг Монголд Элчин сайдаар илгээж, монгол тагнуулчийг Лондонд “дипломат” аргаар аваачсанд хамаг учир байгаа юм. Ажиллагаагаа амжилттай гүйцэтгэсэн Диксоныг ч Английн тал тэр даруй эргүүлэн татсан билээ.

Б.Хурц Монголын төрд үнэтэй. Тэр тусмаа Шенгений орнуудад бүр ч илүү үнэд хүрэв. Товчхондоо, англи, германчууд манай улсын эсрэг хүч хавсран ашигт малтмалын орд газруудад эзэрхийлэл тогтоох “аян дайн” зарлалаа. Энэ бол олон улсын синдикат. Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Лондонд хийх айлчлалаа цуцалсан нь ч эл үйл явцтай холбоотой юм. Англичууд Б.Хурцад, бас Монголын төрд хугацаа өгсөн. Манай улс үүнийх нь хариуд Германы “Дойче” банкинд “Эрдэнэс Тавантолгой”-г мэдүүлэхээр боллоо. Б.Хурцаар дэнчин тавьж, баялгаар наймаалцах гэсэн германчуудын бодлого ч амжилттай хэрэгжив. Гэхдээ энэ бол дөнгөж эхнийх нь болзол шүү дээ! 


С.Баттулга.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж