Г.Акимыг сэжигтнээр татжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Г.Акимыг сэжигтнээр татжээ

Ганжуур, Данжуурыг Орос руу худалдаалсан хэрэгт сэжигтнээр татжээ

Нэрт академич, соён гэгээрүүлэгч Г.Аким гуайг манайхан олон арван гайхалтай орчуулгын бүтээлээр нь андахгүй. Дэлхийн сонгодог суу билэгтнүүдийн гайхамшигт бүтээлүүдийг ард түмэндээ эх хэлээр нь уран тансгаар танилцуулсан энэ эрхэм Монголын утга зохиолын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Түүний орчуулсан “Морь унасан толгойгүй хүн”, “Зуунаас ч урт өдөр”, “Зуун жилийн ганцаардал” зэрэг үе үеийн залуусын дамжуулан унших дуртай олон арван бүтээлүүд нь цаг мөч өнгөрөх тусам үнэ хүнд нь улам өсч байгаа. Тиймээс ч түүнийг цагаан мөрт номын орон болох Төв номын сангийн захирлаар олон жил ажиллуулсан. Гэтэл энэ номын цагаан буянт үйлстний талаар нэгэн таагүй мэдээллийг бид саяхан авсан юм. Түүнийг УМБГ-т Төв номын сангийн захирлаар ажиллаж байх үедээ Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийг бүхлээр нь Орос руу хууль бусаар гаргасан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа ажээ. Манай улсын түүх, соёлын үнэт өвийн жагсаалтад дээгүүрт бүртгэгддэг дээрх бүтээлүүдийг хууль бусаар харийнхны гарт өгч, үнэ цэнийг алдагдуулж, үндэсний ёс заншил, соёлоо худалдаалсан хэрэгт түүнийг сэжигтнээр татан шалгаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм байна.

Өнгөрсөн жил Төв номын сан усанд автах үед дээрх бүтээлүүд мөн гэмтэж байсан удаатай билээ. Зуунаас зуун дамжин ирсэн дээрх түүх, соёлын суу бүтээлүүдийг одоогоор мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн. Эдгээр түүхэн сурвалж бичгүүдийг гадаадын улс оронд гаргасан тохиолдолд олон улсын хууль тогтоомжийн дагуу тусгайлсан гэрээ байгуулсны үндсэн дээр бусад улсад шилжүүлэх боломжтой. Гэтэл уг бүтээлүүдийг ямар нэгэн гэрээгүйгээр тухайн үеийн албан тушаал буюу Төв номын сангийн захирлын албан тушаалаа ашиглаж ийн бусдын гарт шилжүүлсэн хэмээн Нийслэлийн прокурорын газарт гомдол ирсний дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.

Нэрт соён гэгээрүүлэгч маань бүтээсэн ариун үйлсийнхээ эсрэг ийм гутамшигт зүйл хийсэн эсэхийг хууль хяналтынхан удахгүй тогтоох биз. Энэ хэргийн талаар нэрт академич маань мэдүүлэхдээ “Би олон улсын гэрээ хэлцлийнх нь дагуу дээрх номуудыг гадны улсад шилжүүлсэн. Би гэм буруугүй” хэмээн мэдүүлж байгаа гэнэ.

С.Энхзаяа.

Зохиогчийн эрх: "Монголын мэдээ" сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж