Европа лиг: 41 гоол, 16 баг

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Европа лиг: 41 гоол, 16 баг

Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн тэмцээний нэг Европа лигийн хасагдах шатны буюу 1/16 шигшээгийн хариу тоглолтууд өнгөрсөн шөнө хуучин тивийг бүхэлд нь хамарлаа.

Урьдчилаад Оросын “ЦСКА”, Грекийн “ПАОК” багууд 22-нд тоглож, Оросын армийн баг цэргийн баярынхаа урьд өдөр 1:1-ээр тэнцсэнээр нийлбэр дүн 2:1-ээр дараагийн шатанд шалгараад байв. Мөн “Порту”, “Севилья” багийн тоглолт ч 23-нд болж Фабианогийн гоолоор 1:0 харьцаатай Испанийн баг хожсон ч өрсөлдөгчийнхөө талбайд хоёр гоол оруулсан “Порту” дараагийн шатанд шалгарсан билээ.

Тэгвэл өчигдөр болсон 14 тоглолтоос хамгийн сонирхолтойг нь дурдахад, Английн “Ливерпуль” талбайдаа Чехийн “Спарта” багийг хүлээн авч, Дирк Кьютийн ачаар 1:0-ээр ялж, шилдэг 16-д үлдлээ. Мөн “Манчестер Сити” Эдин Жекогийн дубль, Яаяа Турегийн нэг гоолын ачаар 3:0 харьцаатай Грекийн “Арис” багийг хожиж, дараагийн шатанд шалгарчээ. Германы “Штутгарт”, Португалийн “Бенфика” багийн тоглолт 2:0-ээр зочин баг “Бенфика”-гийн ялалтаар дуусч, 4:1 гэсэн нийлбэр дүнгээр Португалийн баг шалгарсан байна. Мөн эхний тоглолтдоо гоолгүй тэнцээд байсан Италийн “Наполи”, Испанийн “Вильярреал” багийн хариу тулаан Испанид болж, талбайн эзэд Нилмар, Росси нарынхаа ачаар 2:1-ээр хожиж, наймны нэг шигшээд үлджээ. Түүнчлэн Нидерландын “Аякс”, Бельгийн “Андерлехт”-ыг 2:0-ээр хожин нийт 5:0 гэсэн харьцаагаар дараагийн шатанд үлдлээ. Манай хойд хөрш улс Оросын багуудаас “Зенит”, Швейцарийн “Янг Бойз”-ыг 3:1-ээр хожин нийлбэр 4:3-аар шалгарсан бол “Спартак” Швейцарийн “Базель” багтай таарч, 1:1-ээр тэнцэн 4:3-аар 16-д үлдэв. Харин “Казанийн Рубин”, Нидерландын “Твенте” багтай 2:2-оор тэнцсэнээр 2:4 харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгалаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж