Хавдар оношлогч ухаалаг гар утас

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Хавдар оношлогч ухаалаг гар утас

Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн эмч нар жирийн гар утас, тариурын нарийн зүү, молекулын соронзон цуурайны жижигхэн аппарат ашиглан хавдрын аливаа эхлэлийг энгийн, үр дүнтэй байдлаар оношлон тодорхойлж чадсан байна.

Science Translational Medicine сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэлд энэхүү шинжлэх ухааны цоо шинэ системийг ашиглан хорт хавдрын оношыг  96 хувийн баталгаатайгаар  оношилж байгаа нь уламжлалт биопсисын аргачлалаас нэн өндөр үзүүлэлт юм байна.

Бостон дахь Харвардын эмнэлгийн сургуулийн эрдэмтэн, энэхүү шинэ системийг нэвтрүүлэн хэрэглэх ажлыг гүйцэтгэж буй багийн гишүүдийн нэг  Сесар М.Кастро “Энэ шинэ системийг ашиглахад өвчтөнүүдийн хувьд аюулгүй, зовиур багатай юм” гэж тайлбарлажээ.
Уламжлалт биопсисын аргаар оношлогоо хийхэд өвчтөний эд эдээс хэсэглэн авах, заримдаа бүр мэс заслын аргаар авахад хүрдэг бөгөөд ийм тохиолдолд онош гаргахад гурваас дээш хоног шаарддаг байна.
Массачусетсийн эмнэлгийн нэвтрүүлж эхэлсэн арга нь эд эсийн хэсгээс авах шаардлагатай боловч маш нарийн 0,7 мм-ийн диаметртэй зүү хэрэглэдэг ба уламжлалт биопсисын аргаар 1,4 мм-ийн диаметртэй зүү хэрэглэдэг ажээ.
Мөн хурдан хугацаанд эд эсийн хэсгээс авдаг тул өвчтөнд зовиур шаналгаа үүсгэдэггүй байна.

Оношлогооны багажид ердийн боловч “ухаалаг” гар утас, 5 см-ийн диаметр бүхий цөмийн соронзон цуурайны аппарат багтдаг аж.
Цөмийн соронзон цуурайны бичил аппарат нь соронзон нанохумхийн аргад тулгуурласан мэдрэмжтэй бөгөөд эсийн химийн бүтцийг дор нь тодорхойлон гаргаж, залгаастай байгаа гар утас руу мэдээлэл дамжуулах тул эмч нар өвчтөний орны хажууд  зогсож байгаад оношлогооны үр дүнгийг уншиж, шаардлагатай мэдээллээ авдаг байна.

Эсийн байдлыг ийнхүү тодорхойлон танилцсаны дараа амин чухал уургуудын явц байдлыг бас нарийвчлан тогтоодог ажээ. Энэ шинэ аргаар 44 өвчтөн хорт хавдартай байсныг үнэн зөвөөр нь оношлон тогтоожээ.
Уургийн үзүүлэлт нь хорт хавдар бусад эд эрхтэнд тархсан эсэх мэдээллийг тодорхойлж өгдөг байна.

    Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж