
-Засгийн газраас хоёр дахь жилдээ Эдийн засгийн форумыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Өмнөх жил болсон форумаас юугаараа онцлог вэ. Форумын дараа Гадаад түншүүдийн техникийн уулзалт болно. Энэ талаарх мэдээллийг бас өгөхгүй юу?
-Ирэх долоо хоногт Монгол Улсад эдийн засгийн салбарыг хамарсан томоохон арга хэмжээнүүд болно. Энэ жилийн форумыг байгалийн нөөц баялаг, түүнийг сайн засаглалтай хэрхэн хослуулж хөгжүүлэх вэ гэсэн сэдвийн дор өрнүүлнэ. Үүнтэй холбоотойгоор 15 салбар хуралдаан болно. Өнгөрсөн жилийн форумын гол илтгэлийг Френандо Сото тавьж байсан. Энэ удаад Харвардын их сургуулийн эрдэмтэн Голланд өвчин буюу байгалийн хараал сэдвээр илтгэл тавина.
Харин Гадаад түншүүдийн хамтарсан найм дахь удаагийн Техникийн уулзалт гуравдугаар сарын 4-нд зохион байгуулагдана. Форумын дараа үргэлжлэн зохион байгуулагдах учраас гадаадын олон түншийг хамруулсан томоохон уулзалт болно гэж тооцоолж байгаа. Монгол Улсын Засгийн газрын хувьд Гадаадын түншүүдийн Техникийн уулзалтыг 1991 оноос зохион байгуулсан байдаг юм. Тухайн үед анх удаа хандивлагчдын зөвлөгөөн нэртэйгээр зохион байгуулж байсан. Монгол Улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээр хүнд үеүдтэй тулсан юм. Учир нь 1990 оноос өмнөх эдийн засаг ЗХУ-аас хамааралтай байлаа. Энэ үед хандивлагчдын хөдөлгөөн үүсч, Япон улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Монгол Улсын Засгийн газар хамтран 1991 оны есдүгээр сард Токио хотноо хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Уламжлал болгосноор 20 дахь жилдээ зохион байгуулагдахаар болж байна.
-Уулзалтын дүнд хэдий хэмжээний хөрөнгийг манайд тусламж хэлбэрээр олгосон байдаг юм бэ?
-Жилд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, тусламжийг хандивлагчдаас авсан байдаг. Нийт дүнгээрээ дөрөв орчим тэрбум ам.доллар болдог.
-Одоо болох Гадаадын түншүүдийн Техникийн уулзалтаар мөн л тусламж авах тухай асуудлыг хөндөх үү. Эсвэл арай өөр зүйл ярих уу?
-Энэ жилийн тухайд гурван асуудлыг хөндөнө. Монгол орон зөвхөн хөнгөлөлттэй зээл авах бус арилжааны зээл авдаг, Засгийн газар баталгаа гаргадаг, санхүүгийн бүх эрсдлийг ашигладаг орон болсон учраас улс орнууд манайд хандах нь их болсон. Дунд хугацаандаа хөгжлийн бодлогыг тодорхойлох чиглэлээр уул уурхайн үйлдвэрлэл, зөв засаглалын асуудлаар ярилцана.
-Өнгөрсөн жил зохион байгуулсан эдийн засгийн форумаас Монгол Улс үр дүн гаргаж чадсан уу?
-Өнгөрсөн жилийн эдийн засгийн форумаар хэлэлцсэн асуудлаас үр дүн олон гарсан. Тухайлбал, бид Төсвийн шинэчлэлтэй холбогдолтой асуудлаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталлаа. Орон нутгийн төсвийн бараа таваар, ажил үйлчилгээ явуулах хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуульд сонгуулиар бэлэн мөнгөний амлалтыг хориглохтой холбоотой заалтууд тусгасан байгаа. Мөн Монгол Улс өнгөрсөн жилд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хангасан. Төсвийн ил тод байдлын санаачлагаар эхний 25 улсад орсон. Өөрөөр хэлбэл тодорхой үзүүлэлтүүд дээр ахисан дүнгүүд байгаа.
-Энэ жилийн хувьд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангах ямар дорвитой бодлого хэрэгжүүлнэ гэж зорилго тавиад байгаа вэ?
-Өмнө нь нийгмийн баялгийг иргэдэд хуваарилдаг арга нь нийгмийн халамж байсан. Энэ нь үр дүнгээ сайн өгөөгүй. Ерөөсөө өсөлт бий болгоход хувь хүнд өгөөжтэй, оролцоог нь нэмэгдүүлсэн байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл ажлын байр бий болгох замаар өсөлтийг хангах шаардлагатай нь харагдаж байгаа. Сүүлийн үед улс орнууд бий болсон баялгийг нийгмийн халамж маягаар хүртээснээр эдийн засгийн өсөлтийн бодлогод үр дүн дагуулахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарласан.
-Тэгвэл нийгмийн баялгийн хуваариалтыг хэрхэн зохицуулах вэ. Тарааж байгаа бэлэн мөнгө инфляци л дагуулаад байна шүү дээ?
-Баялаг өөрөө бий болох бололцоо нь бүрдсэн. Үүнийг хэрхэн зөв хуваарилах вэ гэдгээ шийдэхийн тулд хэнээс ч хамаарахгүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал байгаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бид орлогыг тэнцвэржүүлсэн болон нийт орлого гэж хоёр хуваасан. Төсөвт бид зэсийн үнийг 5285 ам.доллараар тооцсон. Саяхан нэг тонн зэс 10 мянган ам.долларыг давсан. Энэ хоорондын зөрүү Тогтворжуулалтын санд орж ирэх ёстой. Нүүрсний үнийг бид 98 ам.доллараар тооцсон. Одоо 128 орчим ам.доллар байгаа. Үүний зөрүү бас Тогтворжуулалтын санд орно. Бид Тогтворжуулалтын санд энэ онд нийт 183 тэрбум төгрөг төлөрнө гэж тооцсон. Энэ нь манай төсвийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгө.
Нөгөө талаас бид УИХ-ын сонгуульд оролцохдоо нийгмийн халамжийн амлагаа сүүлийн гурван жилийн төсвийн 50 хувиас хэтрэхгүй, Ерөнхийлөгч болон орон нутгийн сонгуульд оролцохдоо нийгмийн халамжийн амлагаа өгөхгүй байхаар оруулсан. Өр, төсвийн алдагдал, орлого, зарлагын хязгаарлалтуудыг шинэчлэх зорилт байгаа. Монголд маш том баялгийн эх үүсвэр Тогтворжуулалтын сан, Хүний хөгжлийн сан дээр үүснэ. Энэ нь 2013 оноос эхлээд маш хүчтэй яригдана. 2011, 2012 онд иргэдэд 500 мянган төгрөгийг бэлнээр нэг сая төгрөгийг нь бэлэн бусаар олгохоор хуульчилсан. Бэлэн мөнгө олгох тохиолдолд инфляци яригддаг. Үүнд дээр Засгийн газар тодорхой арга хэмжээ авдаг. Өнгөрсөн онд иргэдэд бэлэн мөнгө олгох үед инфляцийн өсөлт нэг оронтой тооноос даваад 20 хувьд хүрсэн. Засгийн газар үүнд маш шуурхай арга хэмжээ аваад 10 хувь руу буулгаж байсан. Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өгч байгаа зөвлөгөөг бид хүлээн авч байгаа.
Г.ДАРЬ