Муур багшийн хонх дуугарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Муур багшийн хонх дуугарлаа

Урьдаас таамаглаж бай­санч­лан хэцүүхэн хэрэг ч мандлаа, Урт нэртэй хуулийн далд агуулгын учигнаас хуу­­­лийн­­­хан атгав бололтой. Асар их хэмжээний авлигын хэрэг ч мандаж болзошгүй нь. Үзүүрийг нь атгасан уяаг лавш­­руу­­лаад байвал хэн хэн рүү хөтлөөд очих бол гэсэн хар хор малтаж эхэллээ. Ашигт малтмалын газрын дарга  Д.Батхуяг урт нэртэй хуу­­­лийн үйлчлэл эхэлсэнээс хойш 192 зөвшөөрөл олго­чихоод байгаа талаар ма­най сэт­­­гүүлч Н.Түвшин өнгө­рөгч дугаарт мэдээлсэн. Энэ­хүү мэдээл­лийг цагдаа, авлигы­н­хан шалгаж байгаа нь н­эгэнтээ тодорхой боллоо. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориг­лох тухай буюу бидний хэлж заншсанаар “урт нэртэй хууль”-ийг хамгийн түрүүнд даган мөрдөх ёстой энэ эрхэм ийм олон лицензийг яагаад үйлдвэрлэх болов. Ли­ценз эмэгшигчид нь хэн байв. Хэрэгт унахаа мэдсээр байж юуны улмаас энэ их зөв­­­­­­шөөр­­­­лийг үзэглэчихэв ээ.­ Зөв­шөө­­­­рөлд гарын үсгээ зур­­­­­­­чи­хаад Богд шиг “Би юу хийчих вэ” гээгүй л байх.

…Асуудал цааш яг л “Муур багшийн үлгэр” шиг үргэл­­­­­жил­­­жээ. Үлгэрээс сурах юм их бий гэж. Тиймээс муу­­­рын үлгэрийг дахин нэг сануу­­­лахад илүүдэх юун. Нэгэн лам бясалгал хийж суу­­­даг байв. Нэг мууртай. Гэтэл муур нэг өдөр ламын хөөр­­­гийг нь хулгайлжээ. Лам хөөж байж хөөргөө олж авч гэнэ. Бас нэг өдөр эрхийг нь аваад арилжээ. Хулгайч муур олон оготно хулгана байдаг газар очиж нэг оромж барьж ламын эрхийг хүзүүндээ өлгөж суужээ. Муур огтнуудад хэлж гэнэ.  Та нар надаас бүү ай, би гэ­лэн муур гэгч байна. Амьт­ны амь тэвчсэний төлөө та нарт ариун ном зааж өгье гэж. Оготнууд ч ном заалгах болж гэнэ.

Ингээд л муур оготнуудыг нэг нэгээр нь сэмхэн сэм сэм­хэн зооглодог болж. Харин үү­­нийг мэдсэн сэргэлэн оготно “ -Аа энэ манай багш биднээс иддэг бололтой. Ялгадас нь яс, үс холилдон гарсан байна гээд хонх олж ирэн “Багшид чимэг өргөе” гэж хэлээд хүзүүнд нь зүүж өгч.  Номоо заалгаад бүг­­­­­дээ­­­­­рээ гартал хонх дуу­гар­­­­­­чээ. Ингээд л үйлдэл дээр нь бариад авч. Харин муур  “Би баа­­­­саа нуусан бол ийм хэрэг юунд болох вэ” гэж ихэд гэм­­­­шиж, үүнээс хойш баасаа булж нуудаг болсон гэдэг. Сонин юм шүү. Муур баг­шид дургүй хэрнээ, түү­ний худал амлалтад итгэн, багагүй хохирол амссан мө­нөөх хулганууд шиг бид ч улстөрчдөд дургүй хэрнээ ху­дал үг, хуурамч амлалтад нь итгэсээр л суух юм, зайлуул.

Засгийн газраас хийсэн тоо­цоогоор энэхүү урт нэр­тэй хуулийг баталж, олон зуун лицензийг хүчингүй болгос­ноор тэдгээр компаниудад нөхөн төлбөр өгөхөөр болсон. Нийт 890 компанийн хайгуулын болон ашиглалтын 1128 лицен­зийг энэ хуулийн хүрээнд цуц­­лах судалгаа гарсан. Дээрх компаниудын 40 хувь нь нөхөн олговрынхоо тооцоог гарган өгсөн гээд байгаа. Тэр нь 7-8 их наяд төгрөг гэж тооцоолж буй. Монгол шиг жилд 3 их наяд 304 тэрбум гаруй төсвийн орлоготой байна гээд байгаа улсын төсвийг хоёр дахин нугалахуйц их мөнгө шүү дээ.
Нөхөн төлбөрт ийм их хэмжээний мөнгө нэхэж буй компаниудын тоог өсгөх сонир­­­хол яагаад гарч ирэв.

Дахин дурдахад, Монгол Улсын хуулийг зөрчин 192 зөвшөөрөл олгосон. Баттай эх сурвалжийн мэдээллээр Ашигт малтмалын газрын дарга  Д.Батхуяг “Эс Кью Эс” , “Зуунмод уул”, “Тундерклал” гэх гурван компанид тус бүрт 5 лиценз олгожээ. Араас нь “Дорнын чуулга”, “Сен­терра гоулд монголия”, “Эн Ти Эс Эм”, “Дорнын шим, “Амар­баясгалан буянт”, “Баянсуут”, “Фоксмайнг”,  гэх урт дараалал үргэл­жил­нэ. Нийт олгосон зөв­шөөр­лийн 22 хувь буюу 5 944 165 га газар нь хуулиар хориг­­­лосон газартай давхцаж байгаа нь аймшигтай. Ингэхдээ алтны зөвшөөрөл 16-г  олгосон гэж байгаа. Сэлэнгэ, Өмнөговь айм­гийн нутаг дэвсгэрт 25, Улаан­­­­­баатар, Архангай Завханд  харь­яа­­­­лагдах нутаг дэвсгэрт тус бүр хоёр лиценз гэх мэт олгожээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш олгосон зөвшөөрлийн 34 нь ашигт малтмал, 158 хай­гуулын лиценз юмсанж. Мэдээж энэ олон зөвшөөр­лийн хуулиар хамгаалагдсан газрынх нь буюу 22 хувь нь хүчингүй болох нь ойлгомжтой. Харин үүнийхээ хариуд тэдгээр компаниуд нөхөн төлбөр нэхэм­­жилнэ гэдэг нь бүр ч айм­шигтай.

Авах юм арга нь олдоно гэг­­­чээр тэдгээр компаниуд “Аль эрт ажлаа эхэлсэн. Ма­­­найх тэдэн хүн ажиллуулж, тийм техник тоног төхөөрөмж авч, тэдий хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулсан” гээд аманд багтсан тоог хэлж, төрөөс мөн­­­­­гө нэхэмжилнэ. Төр ямар мөн­гө үйлдвэрлэж, өсгөх биш. Хурааж, цацдаг л хойно. Хөөр­­­хий хулгануудад “Муур багш”-ийн учруулсан гайг үүрүүлэх нь тодорхой. Мөнөөх л ард түмний татварын хэдээс л төлөх байлгүй. Өөр яав гэж.

Харин… Яагаад?! гэдэг мян­­­­ган асуулт араас нь ургаж гарч ирээд болдоггүй.
Хууль мэдсэнгүй юу. Мэд­сэн ч мэдээгүй дүр эсгээд танил талдаа найр тавив уу. Асар их хэмжээний нөхөн олговор нэхэмжлэхийг нь хараад ингэж болох юм байна гээд хэн нэгэнтэй сэм хуйвалдав уу. Өндөр сэнтийгээ их хэмжээний мөнгөөр арилжиж орхив уу гээд түүнийг хардах, зүйл хавьгүй олон байна.   Муур багш шиг санваар­тны дүр эсгэж сэм татвар төлөгч­дийн мөнгөнөөс шамшиг­дуулж, амьдралыг нь улам бүр до­рой­туул­­­даг төртэй болохоор түү­нээс өөрийг бодох боломж ч алга.

Эсвэл Д.Батхуяг дарга гаа­лийн гэх тодотголтой Х.Баатар шиг золиос болоод ард нь “акуль”-ууд завшаад өнгөрөх үү гэдэг асуулт бас хачирхалтай байна. Ямартай ч Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэгддэг тэрээр хууль зөрчин зөвшөөрөл олгосон гэдэг нь нэгэнтээ ил боллоо. Гэхдээ эцсийн байд­лаар түүний гэм буруутай эсэ­хийг шүүх л тогтооно. Харин хэрхэн тогтоох вэ гэдэг бас л эргэлзээтэй. Иймэрхүү их хэмжээний мөнгөтэй, өндөр албан тушаалтан, улс төрийн бүлэглэлтэй холбоотой хэрэг тэгэж ингэсхийгээд балар­­­даг, баллуурдуулдаг батлагд­сан жишиг Монголд бий. Юутай ч муур багшийн хонх дуугар­­­­­­­лаа. Энэ удаад муур баг­­­­­шийн ялгадаснаас үс, ноос гарч ирээгүй байгаасай л гэж хамтдаа залбирья. Сайн л харж, харснаа бүр сайн баталгаажуулах үлдлээ. Төрийн төлөө боож үхэх шах­­­сан Л.Нарантөгс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж