Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

“Намрын бор хурууд шиг уул Алтай минь” номын хуудсыг нээнгүүт Жал ах мөнөөх л үргэлж инээмсэглэдэг зангаараа мишилзэн сууна. Пиджакаа хүрэн сандал дээрээ тохоод тавьчихаж, үргэлж өмнө нь байдаг хуанли, манай хуучин редакцийн байсхийгээд л эвдэрчихдэг жалюзан хөшиг… Жал ахын бидэнтэй инээж хөгжилдөн, үе үе тойруу үгээр ёжтой шүүмжлэл илгээх, намбалзтал алхаж орж ирээд яралзтал инээмсэглэн мэндлэх нь нүдэнд харагдах шиг болно. Байсгээд л нутгаа дурсч, Ховд зүгийн хүнтэй таарах ахул ихэд ходийрхдог байсан санаанд илхэн. Тийм ч учраас Г.Бямбажал агсны номыг үр хүүхэд нь энэ сурвалжлагынх нь нэрээр нь нэрлэсэн байх л даа.

Сэтгүүлчдийн бол зүгээр л Жал ах гэж нэрлэдэг буурайн нэр “Ардын эрх” сонины түүхтэй салшгүй холбоотой. Ганц хэвлэлт нийгэм ганхаж анхны “Ардын эрх” сонин байгуулагдахаас эхлээд татан буугдах хүртэл огт “хөдлөөгүй” ажилласан ганц хүн нь Жал ах гэсэн. Жал ах өөрийнхөө тооцоогоор тухайн үеийн “Ардын эрх” сонин хэвлэгдэн гарсан найман жил, зургаан сарын хугацаанд 354 хүн ажилд орж, гарсан байдаг юм гэж нэг ярилцлагадаа ярьсан байна билээ. “Үнэн” сонинд 20 гаруй жил хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан Г.Бямбажал агсан төр засгийн төв хэвлэл “Ардын эрх”-ийг байгуулахад ч 2005 онд хувийн чөлөөт Ардын эрх сонин шинээр гарч ирэхэд ч тулгыг нь түшилцсэн багана учраас манай Жал ах гэж илүү өөриймсөж байгаа хэрэг. Жал ах маань өнгөрсөн жил бурхны орон руугаа явсан. Гэхдээ яагаад ч юм бэ, одоо ч амьд сэрүүн байгаа мэт санагдаад байгаа болохоор Жал ах гэхээс өөрөөр бичиж төвддөггүй ээ, өршөөх ажаам уу.
Гэндэнгийн Бямбажил агсны үр хүүхдүүд аавынхаа “Намрын бор хурууд шиг уул Алтай минь” хэвлүүлэн гаргажээ. Тэгэх л ёстой юм. Харин 40 гаруй жил сэтгүүлзүйн гал тогоонд буцалж, магадгүй энэ гал тогоогоо өөрөө буцалгаж байсан эрхмийн бичсэн бүтээснээс нэгэн номд зохицлоох хэцүү л байсан байх. Өөрийгөө сэтгүүлч гэж цээжээ дэлдэгч заримынх нь төрөх нь бүү хэл сураг нь гараагүй байсан үеийн тэмдэглэл хачирхалтай нь он цагийн холыг огт сануулахгүй юм. Бичлэгийн хэв маяг үг сонголт, сэтгүүлчдийн хэлээр бол өнцөг яг л одоогийнхтой адил, мэдээж энд тэндгүй “харагдах” муухан бичлэгтэй дүйцүүлэх аргагүйгээр шүү дээ.
Сэтгүүлзүйн ноён оргил Ц.Балдорж агсан Монголд хоёрхон л хариуцлагатай нарийн бичгийн дарга байдаг, нэг нь Г.Бямбажал гэж хэлсэн байдаг юм. Арга ч үгүй биз. Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг хэн бүрийн хийж чадах ажил биш. Тэр тусмаа Жал ах шигээр…  
Хариуцлагатай нарийн бичгийн дарга гэдэг том албан тушаалаа тэрбээр өөрөө  “…дөрвөн хананы дунд зэврэгсэд, мэргэжил нэгт нөхдийнхөө бичсэнийг цээжний пангаар өөрчилж, дургүйг нь хүргэж, хоосон шаардлагаар номлогсод …” гэж зүхсэн байсан, нэг бичлэгтээ… Эдгээрийн араас “Тэр хүмүүсийн нэг нь би” гэсэн өгүүлбэр дагалдана.Уншигчдын нүдэнд бол тэр бүр харагдахгүй, гэхдээ сонины бол ноён нуруу нь болдог албан тушаалынхаа зовлон жаргалын талаар тэрбээр амьд сэрүүн ахуйдаа нэгтээ бичиж байсан юм.
Уг нь бол сурвалжлагч бидэн бол хариуцлагатай нарийн бичгийн даргаасаа “гөл автлаа” айна. Гэхдээ ихэнх сониныхон тэдгээр мундаг дарга нараа “хар дарга” гээд авгайлчихдаг. Хар даргын үг бол хууль, үзэг бол ташуур. Цэргээр бол жанжин штабын командлагч. Тэр тусмаа төр засгийн ганцхан хэвлэлтэй байсан, “Үнэн” сонинд магтуулж гэмээнэ, хөдөлмөрийн баатар ч болдог 100, 200 мянган хувиар хэвлэгддэг сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байна гэдэг одоогийнхоор бол ихээ том албан тушаал байсан хэрэг. Энэ албан тушаалыг яв цав хашиж чаддаг нь цөөхөн ч байсан биз.

Жал ах цаг яс барина, илүү дутуу үг дэлгэн суух нь үгүй, үг үсгийн алдааг өлөн бүргэд шиг л олоод харчихна, хэзээ ч хийх ёстой зүйлийг дутуу дулимаг үлдээх буюу мартах, залгардуулах зүйл үгүй. Ямар сайндаа л Жал ахын үдийн цайндаа гарах, ирэхээр нь цаг яг хэд болж байгааг мэдэж болно гэж байх вэ дээ. Ширээнийхээ ард цэмбийгээд сууж байгаа нь хүртэл ясны л "хар дарга " харагдана. Дадлагын оюутан хүүхдүүд анхандаа хар дарга, хар дарга гээд хамаг сурвалжлагч нь бүлтэгнэж айж гүйгээд байхаар хамгийн том дарга, хачин хар царайтай хүн байх нь гэж ойлгодог “түүх” сонингуудад одоо ч гэсэн давтагддаг гэсэн. Харин Жал ах хариуцлагатай нарийн бичгийн дарга хийж, бусдын алдааг засч, сонингоо үйлдвэрт шилжүүлж, алдаа гарчих вий гэж зүүдлэн хонодог албаа илүү бүхэнд дурлаж, дэгдэж, гайгүй шиг бичлэг хийчихвэл өөрсдөө онгирч хөөрч, омогшиж явдаг сэтгүүлчийн ажлаас “дор”- д үзэж л дээ. Үргэлж редакц дээрээ хүлэгдэж, бусдын алдааг засч, ихэнх нь л сахилгүйгүй жаалууд шиг зантай “товариш”-ууд байдаг сэтгүүлчдээ зааж чиглүүлж, захирч байхдаа уран бүтээл хийхгүй зэвэрч сууна гэж гунихархдаг байж л дээ, Жал ах. Залуу “орлогч”-оо ирэхэд нь ч “Миний өрөөсөн царцанги дугуй” болчихов оо, сэтгүүлчээрээ ажиллаж байсан дээр шүү" гэж ятгаж байсан тухайгаа нэг дээр өгүүлсэн материалдаа бичсэн байсайн. Хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг сониныхон бол сайн мэднэ. Үүнийг бичигч “хар дарга"-ын гараар үг үсгийн алдаа мадгаа засуулж, засуулж, магтаалын үг сонсчихоод хэний ч туслалцаа ганцаараа баатарлаг үйлс бүтээчихсэн юм шиг л дэрвэлзэж явсан нь зөндөө. Хар даргын үзэгний үзүүрийг мохоох шахаж засуулж байж, гайгүй шиг бичлэг болчихжээ гэсэн магтаал сонсох нь олон. Гэсэн ч эцсийн бүтээгдэхүүн болоод уншигчийн гар дээр очихдоо бичсэн сэтгүүлчийн нэр л тавигддаг юм хойно., хэнээр юу засуулж, өдий зэргийг бичлэг болгосноо мартчихаад дэрвэлзэж яваа хэрэг л дээ.
Хэнийг хааш нь ямар сурвалжлага руу явуулах, ямар материалыг аль нүүрэнд яаж тавих, за тэгээд үг үсгийн алдаагүй манайхны хэлээр бол “бөөс хуурс”-гүй сонин гаргах нь "хар дарга"-ын л ажил. "Хар дарга"-ын бас ажил сэтгүүлч нарыг сургах. Ямар ч сэтгүүлч "хар дарга" наргүйгээр сэтгүүлч болж чадахгүй байх сан гэж хэлэх байх. Тэдний яс хатуу гараар орж, шүүсээ шахуулж байж л сэтгүүлч, сурвалжлагч гэж хэлүүлэх дайны босго руу ойртож байна гэж үздэг юм л даа, сониныхон бол.  

Яагаад ч юм бэ Жал ахыг пальтогоо нямбай гэгч нь товчлоод, гартаа бээлийгээ атгачихсан Төрийн ордоны арын цэцэрлэгээр намбатайхан алхаж байгаа дүр зураг санаанд орж ирээд байдаг. Хэзээ ч юм бэ, нэгтээ энд тааралдаж байсан ч юм уу, эсвэл зүгээр л тэгж бодоод байдаг юм уу, мэдэхгүй. Одоо диваажингийн цэцэрлэг дундуур алхангаа “энд” байсан амьдралаа дурсаж ярьж байгаа ахул ёстой нэр ч хавчуулагдахгүй сугарах нь тодорхой хүн л дээ, үүнийг бичигч өчүүхэн бээр.
Жал ахын ном сэтгүүл зүйн оюутнуудад бол шууд л гарын авлага болмоор нөгөө талаас нь өөрийнх нь дурсамж ч юм уу гэмээр. Өөрөөр хэлбэл хэдийгээр өөрөө үгүй ч, амьдралынхаа талаар яриад ч байгаа юм шиг. Нөгөө талаасаа хуудас эргүүлэх бүрт түүх, тэр тусмаа хэвлэл мэдээлэл гэх сонин “айл”-ын үүх түүхийг өгүүлээд байх шиг. Урьд нь ямар байсан, одоо ямар байгаа, цаашид ямар байж болох талаар…

Сурвалжлага, ярилцлага, хөрөг найруулал, эссе гээд сэтгүүлзүйн бүх төрөл жанраар эвтэй донжтой бичихийг жишээг энд харуулжээ. Жал агсны “Сэтгүүлч өөрийнхөө дүгнэлт бодлыг оруулаад аль нэг тийш хуйлраад, туйлширч болохгүй. Зүгээр л болсон үйл явдлыг өнгөт зураг шиг л дамжуул” гэж хэлдэг шаардлага тэндээс ханхална.

Жал ахын анх сэтгүүлч болсон гараа их хөгжилтэй юм билээ. Хөдөө бага ангийн багшаар ажиллаж, соёлын үр тарин байхдаа хүүхдүүдийн хоолыг сайхан хийдэг, тэр тусмаа хөдөөнийх нэг сумын сургуульд гуляш, төмстэй хуурга хийдэг тогооч байдаг гээд ихэд олзуурхаад биччихсэн чинь “Үнэн” сонины тэргүүн нүүрэнд гарч, сумандаа л “од” болж. Харин ах, эгч нь “Муу дүү минь хүний нутагт их л өлсч цангадаг юм шиг байна, тогоочийн тухай биччихсэн байна“ гээд гурван хонины мах, баахан цагаан идээ, замбай гурил тэргүүтэн аваад давхиад ирсэн гэдэг. Юм юманд овсгоотой, ажилсаг шаавай залуу багшийг тухайн үеийн алтан Москва руу шалгалтгүйгээр сургуульд явуулах гэж байсан ч сэтгүүлч болох хүсэлдээ хөтлөгдөөд хашир нутагтаа үлдэн, тухайн үеийн Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид элссэн төгссөн гэдэг. Ингэж л сэтгүүл зүйтэй тогоочийн тухай мэдээгээр анх холбогдсоноосоо хойш эцсийн амьсгал эгшээх хүртлээ таслаагүй бөлгөө.
Саяхан гарсан номонд нь охин нь нулимстай дурсамжаа бичсэн байна лээ. Тэнгэрийн оронд байгаа аавдаа зээ хүү нь оюутан болсон, оюутан болохоор нь бэлэглэнэ гэж байсан цүнхийг тань үүрээд хичээлдээ явж байгаа, гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүс, мэргэжил нэгт нөхдөөс нь өөрийн эрхгүй аавыгаа хайсаар байгаа тухай бичсэн байна лээ. Үр хүүхэд, ач гучдаа төдийгүй шавилхан сэтгүүлч бидэндээ ч түшиг нөмөр болдог, үхэл дайрах ч үгүй юм шигээр өчигдөрхөн инээгээд явж байсан хүн үгүй болохоор үгүйрэн хайх нь ч аргагүй биз. Үргэлж хөл дардаг гэр нь ч бас эзгүйрч байгаа болов уу гэж хааяахан бид ярилцана. Цагаан сараар сэтгүүлчид, сониныхны бүхэл бүтэн арми Жал ахад очиж золгодог, ааль сайт гэргий Ё.Бадам инээд алдан нааш цааш гүйж, биднийг дайлж, Жал ах “Өө манай “Ардын эрх”-ийнхэн. Та хэд “Өнөөдөр” сониныхноос энэ жил түрүүлчихлээ. Цаадуул чинь үдээс хойш ирнэ гэнэ дээ” гэж мишилзэж суудаг сан.
Одоо ч манайхан заримдаа ямар нэг “будилаантай” үгийг хэрхэн бичих талаар маргахад “Жал ах ингэж бичиж байгаарай гэж зааж өгсөн” гэсэн үг маргааныг тайлах эцсийн шийдвэр болдог юм. Хэдийгээр Жал ах шинэ “Ардын эрх”-д төдийлөн удаан ажиллаагүй ч үг сургаалийнх нь зах зухаас сонссон бид азтай. Өчигдөрхөн “Сурвалжлага бичиж чадахгүй чи сурвалжлагч мөн юм уу” гэж баалуулсан жаалхан шар охин Жал ахын номыг тас бариад суучихаж, сурвалжлага яаж бичдэгийг суралцаж байгаа юм гэнэ. Хэдийгээр зарим азгүй шавилхан сэтгүүлчид түүний гараар мэдээгээ цоохорлуулж, тулхтай үг, зөвлөгөөг сонсч чадахгүй ч номыг нь “бас бариад” л сууж байна даа, Жал ах аа.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж