Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо Баруун тасганы 100 тоотын орчим мод ачсан машин явж байна гэсэн мэдээллийг энэ сарын 22-ны 10:00 цагт цагдаагийн ажилтнууд шалгахад Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн У нь өөрийн эзэмшлийн УНИ 50-80 дугаартай портер машинд хар модыг жижиглэн шуудайлан бичиг баримтгүй ачиж явсныг саатуулсан байна. Мөн өнгөрсөн хоногт нийслэлд нохойд уруулж гэмтсэн хэрэг хоёр бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Яргайтын 16-225 тоот айлын нохой энэ сарын 22-ны 17:00 цагийн орчим таван настай эрэгтэй Г нь баруун гуядаа хазуулж гэмтсэн байна. Мөн Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн А-гийн 3 нохой иргэн Т-г ноцож гэмтээсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Н.Түвшин