“МАН 90” фото үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“МАН 90” фото үзэсгэлэн нээгдлээ

Энэ онд Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 90, Монгол Ардын Нам буюу Монгол Ардын Хувьсгалт Нам үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой зэрэг олон баяр, түүхэн ойнууд тохиож байгаа билээ. Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх тэгш байдлын билэгдэл болсон зууны манлай улс төрийн нам болох Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ оны 3 дугаар сарын 1-нд тохиож буйтай холбогдуулан Монгол Ардын Намын улс төрийн үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол, ардын хувьсгалын он жилүүд, XX зууны бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн ололт амжилтууд, ард иргэдийн аж амьдрал зэргийг фото зургийн үзэсгэлэнгээр дамжуулж олон нийт, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн хүртээл болгохоор Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Ардын нам 90” фото зургийн үзэсгэлэнг өнөөдрөөс 26-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр  дэлгэн сонирхуулж байна.
Өнөөдөр болсон үзэсгэлэнгийн нээлтэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Дэмбэрэл, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн, тус намын нарийн бичгийн дарга, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Шадар сайд М.Энхболд, Монгол Ардын нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон намын удирдах зөвлөлийн гишүүд, тус намын хэрэг эрхлэх газрын хамт олон болон оюутан залуучуудын төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Үзэсгэлэнд тэр бүр олны хүртээл болж байгаагүй Монгол улсын түүхэн  гэрэл зургуудыг дэлгэсэн байв. “Монгол Ардын нам 90” гэрэл зургийн үзэсгэлэнг ирэх сарын 15-ны өдөр хүртэл “Тэнгис”, “Өргөө” кино театрууд болон их, дээд сургуулиудаар аялуулж, олны хүртээл болгох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж