Б.Мөнгөнтуул Гүржийн их мастерт хожигдов

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Гүржийн их мастерт хожигдов

Катарын нийслэл Доха хотноо дэлхийн эмэгтэй шатарчдын хамгийн өндөр зэрэглэлтэй эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний зургаа дахь цуврал үргэлжилж байна. Сануулахад, тус цувралын тав дахь тэмцээн өнгөрсөн намар Улаанбаатар хотноо “Их тэнгэр” цогцолборт болж байсан билээ.

Энэ удаагийн Катарын Гран-прид Энэтхэгийн Хампи Конеру, Болгарын Антоанета Стефанова, Шведийн Пия Крамлинг, Гүржийн Нана Загнизе болон Майя Чибурданизе, Францын Мэри Себаг, Катарын Жу Чень, Армяны Елина Данильян, Лилит Мрктчьян, Хятадын Сью Юйхуа, Эквадорын Марта Фьерро нараас гадна Монголын их мастер Б.Мөнгөнтуул нарын 12 шатарчин оюун ухаанаа уралдуулж байна. Сонирхуулахад, энэ удаагийн Гран-при тэмцээний шагналын сан 40 мянган евро бөгөөд түрүүлсэн шатарчин аваргын цомоос гадна 6500 еврогийн мөнгөн шагнал хүртэх ажээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийн гран-при цуврал тэмцээний хамгийн сүүлчийнх нь есдүгээр сард болох бөгөөд нийлбэр дүнгээр түрүүлсэн шатарчин нэмэлт 15 мянган еврогийн эзэн болох юм.

Шатарчид нийт 11 өрөг тоглохоос өчигдөр хоёр дахь өргийн тоглолтууд болжээ. Манай шатарчны тухайд эхний өрөгт шатрын домог гэгддэг дэлхийн аварга, шатрын олимпиадын есөн удаагийн аварга, Гүржийн их мастер Майя Чибурданизетай хараар тоглож хожсон бол өчигдөр болсон хоёрдугаар өрөгт манай шатарчин мөн Гүржийн шатарчин Нана Загнизетай хараар тоглож хожигдсон байна. Тэмцээний гурав дахь өргийн тоглолтууд өнөөдөр болох ба Б.Мөнгөнтуул Армяны Елина Данильянтай тоглох юм.
Тэмцээний ялагч энэ сарын 6-нд тодорно.

Зургийг энд дарж үзнэ үү


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж