Өнөөдөр дэлхийн даяар өрнөж буй үйл явдлуудыг харахад ийм тууштай хандлага хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Тоон технологийн эрин үед эдгээр эрхийг хамгаалснаар бид шинэ санаа, инновац, холбоо харилцаа, эдийн засгийн өсөлтийн талбар болох интернэтийн боломж, ирээдүйг хамгаалах болно.
Египетийн хэрэг явдал болон эдүгээ цагт хамгийн өргөн хэмжээгээр интернэтийг хаасантай холбогдуулан интернэтээр дамжуулан харилцах, ялангуяа мэдээллийг эрж хайх, харилцан хуваалцах эрхийг хүндэтгэхийг шаардсан дуу хоолой ихээр сонсогдож байна.
Хамгийн бодитойгоор авч үзэхэд интернэт бол 21 дүгээр зууны олон нийтийн индэр, үнэндээ дэлхий даяараа хуран цугладаг “хотын төв талбай” болсон байна. Саяхан Тахрирын талбайд эсхүл Тунист бидний харсан иргэдийн тайван эсэргүүцлийн ажиллагаа нь интернэтэд бүр өргөн хэмжээнд, гудамжинд болж буй цуглаануудтай зэрэгцээ бөгөөд уялдан зохицсон байдлаар гарч байна.
Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс хоорондоо интернэтээр өдөр тутам холбогдон, мэдээ мэдээллийн ертөнцийг амталж, дуу хоолойгоо өргөж байна. Энэхүү цоо шинэ орчинд хэрхэн сайн засаглах, шударга ёсыг хэрэгжүүлэх, хөгжиж дэгжих, урт хугацаанд тогтвортой хөгжих нөхцөлийг бүрдүүлэх гэх зэрэг хуучны асуудлууд улс орны дотоодод ч, олон улсад ч улам бүр хамаатай болж байна.
Өдгөө бидний өмнө тулгарч буй сонголтууд танил боловч тэдгээрийг хэлэлцэн ярилцаж, хүлээн авч буй орон зай нь цоо шинэ болсон байна. Олон хүний бодлоор интернэт нь эрх чөлөө ба аюулгүй байдал, ил тод байдал ба нууц хадгалалт, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шаардах хийгээд эвсэн зохицох, хүлээцтэй хандахын хоорондох тэнцвэр гэх мэт олон асуудлаар хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна.
Нэгдүгээрт, эрх чөлөө, аюулгүй байдлын асуудлууд бие биенээ үгүйсгэх нь хэт их болжээ. Бодит амьдрал дээр аль аль нь бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрх чөлөөг эдлэхийн тулд бидэнд аюулгүй байдал хангалттай байх ёстой, гэхдээ түүнд аюул учруулахгүй хэмжээнд.
Эрх чөлөө ба аюулгүй байдлын хоорондох тэнцвэрийг олоход хууль дээдлэх ёс хамгаас чухал. Түүнд тууштай байж, иргэний эрхийг эрхэмлэдэг бидний зарчим цахим ертөнцийн орон зайд замхрах ёсгүй. Цахим орон зайг өөрсдийн явцуу зорилгод ашиглах гэсэн алан хядагчид, гэмт этгээдүүдийн санаархал нөхцөл байдлыг төвөгтэй болгож, шинэ сорилтыг үүсгэж байгаа боловч бидний үйл ажиллагааг үнэт зүйлүүд маань тодорхойлдог.
Зарим төр засаг интернэтийн эрх чөлөөг хатуу ширүүнээр хавчин боогдуулдагаа “аюулгүй байдал”-аар зөвтгөн, блог бичигчдийг баривчилж, иргэдийн тайван ажиллагааг тагнаж чагнан, мэдээлэл авах боломжийг хааж боодог нь үнэн. Гэвч ийм ажил явуулга хэнийг ч хуурч чадахгүй бөгөөд үзэл санааг нэг хэсэг л чимээгүй болгохоос ор мөргүй алга хийж чадахгүй.
Хоёрдугаарт, бид ил тод байдал болон нууцлалыг адилхан авч үзэх ёстой. Ил тод байдал чухал. Төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэдэд өгч, ихэнх хүний өмнө хаалттай байсаар ирсэн худалдаа арилжааг нээлттэй болгох ёстой. Гэвч нууцлал мөн чухал бөгөөд эрхэм зорилгоо хэрэгжүүлж, олон нийтийн эрх ашигт үйлчлэх төр засаг, албан байгууллагын чадавхийг хамгаалахад шаардлагатай. Олон нийтэд үйлчилдэг болохоор төр, засгийн газрууд нууцлалын өндөр стандартыг баримталдаг байх учиртай. Энэ нь олон нийтийн амар амгалан, үндэсний аюулгүй байдлыг хариуцдаг учир төр засгууд зарим нөхцөлд нууцыг тодорхой түвшинд хадгалж, хамгаалдаг байх учиртай гэсэн үг юм. Жишээ нь, цөмийн материалыг хэрхэн байршуулах, булшлах асуудлаар улс хоорондын нарийн төвөгтэй яриа хэлэлцээрүүдийн нарийн ширийнийг интернэтэд нийтлэх нь ихээхэн бэрхшээлийг үүсгэнэ. Тэрчлэн, хүчирхийлэл, мансууруулах бодис дамлан худалдаалдаг бүлэглэлүүдтэй хийх тэмцлийг төлөвлөх, гэрээ хэлэлцээрүүдийг тохироход ч нууцлал шаардагдана.
Гуравдугаарт, бид хүлээцтэй байдал, ойлголцлыг хөхиүлэн дэмжихээр ажиллаж байхдаа ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахыг эрмэлздэг байх ёстой. Аливаа хотын төв талбайд байдаг шиг л ямар ч төрлийн, тухайлбал үнэн худал, дайрч доромжилсон, бүтээлч, эсвэл шинэлэг үг яриа интернэтэд ч байна. Онлайныг хоёр тэрбум хүн хэрэглэж, тэдний тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа үед янз бүрийн үг яриа түүгээр дамжин тархах болно.
Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын дагуу бүх хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс энх тайван, хүлээцтэй байдлыг урагш ахиулахын тулд интернэтийн боломжийг жолоодохын сацуу үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах явдал мөн сорилт болж байна. АНУ-ын байр сууринаас үзэхэд үг хэлэх эрхийг хязгаарлах бус харин хөхиүлэн дэмжих нь хамгийн зөв зүйтэй арга зам байх болно. Дайрч доромжилсон үг хэллэгийг хавчин боогдуулах биш харин илчлэн шүүмжлэх, эсэргүүцэн няцаах шаардлагатай. Үзэл санааны зах зээлд ач холбогдолтой үзэл бодлууд улам хүчирхэгжиж, үр ашиггүй нь цагийн эрхээр арилж үгүй болдог.
Интернэтийн эрх чөлөө нь эдийн засгийн хувьд хамтдаа хөгжин дэвжих бидний хүсэл мөрөөдөлтэй хүний эрхийн асуудлыг хослуулах ховорхон боломжийг дэлхий нийтэд олгож байна. Энэхүү эрх чөлөөг хангахын тулд интернэтийг үзэл санаа, шинэ нээлт, эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болгосоор байх нээлттэй интернэтийн платформ зүй ёсоор шаардагдаж байна. Шинэ бүтээгдхүүн үйлчилгээний нээлттэй зах зээл нь эргээд аж ахуй эрхлэлт, инноваци, хөрөнгө оруулалтыг хурдасгаж чадна. Нээлттэй байдлыг интернэтийн бодлогынхоо онцлох шинж болгохыг эрмэлздэг улс орнууд руу дэлхийн интернэтийн зах зээл дэх хөрөнгө оруулалт, инноваци урсаж байдгийг олон улсын туршлага харуулж байна.
Интернэт улам цэцэглэн хөгжих боломж бүхий дэлхийн хэмжээний хотын төв талбайг цаашдын хөгжил дэвшил шаардаж байна.Эрх чөлөө ба аюулгүй байдал, ил тод байдал ба нууцлал, үг хэлэх эрх чөлөө ба хүлээцтэй байдлын зарчмыг хамгаалж, урагшлуулан хөгжүүлэх нь боломжтой төдийгүй нэн шаардлагатай гэдэгт манай улс итгэл төгс байна. Эдгээр зарчим нь нээлттэй, чөлөөт интернэтийн үндэс суурийг бүрдүүлдэг билээ..
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жонатан Эдлтон
2011 оны хоёрдугаар сарын 22