Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Тэр өндөг шиг өөгүй хүн биш, хорвоогийн хог шаар ч биш. Тэр зүгээр л Д.Энхбат гэдэг хувь хүн. “Бусдаасаа арай л өөр” гэж хүмүүс дүгнэдэг нь түүний оролдлоготой л холбоотой байх.

Учир нь тэр компьютерийн сайн засварчин байсан. Монголчууд интернэт гэж юу болохыг мэддэггүй байх үед “Датаком” компанийг байгуулж түүнээс хойш даруй дөрвөн компани байгуулсан ч харамсалтай нь гурав нь дампуурсан гэж байгаа. Харин түүнд овоо ашиг өгч амжилттай яваа нь “Датаком” ХХК юм билээ. Мөн “Межик нэт” интернэтийн компанийг анхлан байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлээд ихэнх хувьцаагаа зарчихсан гэж байгаа. “Форум” хөтөлбөрийн захирал, хөтлөгч хийж байсныг нь бодохоор түүнийг сэтгүүлч гэхэд буруудахгүй. МНН-ыг даргаар ажиллаж байгааг нь дүгнэвэл ногоон үзэл, ногоон эдийн засаг гээд ногоон өнгөтэй холбоотой бүх л зүйлийг мэддэг юм шиг харагдана.

 Мөн сүүлийн үед намынхаа хоёр нөхөрт хатуу үгээр ороолгуулаад их шаналж яваа нь харагддаг. Мартаж буй сэдэв нь нөгөөх л Иргэний зориг намтай нэгдэх эсэх талаарх нам доторх толхилцоон. Гэхдээ галыг өөр дээрээ дуудаад ИЗН-тай хамтрах эсэхийг зөвхөн тэр л мэдэх байх. Мөн Азийн Ногоон намууд дотроос парламентад анх удаа суудал авсан нь Д.Энхбат. Олон жил унтаа байсан намыг сэрээсэн, интернэтийг монголчуудад таниулсан гээд цагны сэрүүлэг шиг ажилласан түүнийг “Сэргүүлэг” гэж тодорхойлбол маргах хүн байхгүй болов уу. “Чи хүсч байгаа бол яв, зүтгэ” гээд урагшаа алхаж яваа түүнд олон хүн итгэдэг байх.

    Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж