Харин ерээд оны эхээр тус аймагт намынхаа ажлаар ирсэн Социал демократ Л.Бямбажаргал тэргүүтнүүд аймгийн дарга нартай уулзаад “Хэзээ ч Сүхбаатар шоронгийн хуяг байгаагүй. Харин түүний эцэг “Цагаан дээлт” Дамдин л шоронгийн хуяг хийж байсан. Тэгээд Сүхбаатарын хөшөөг шоронгийнхоо үүдэнд залсан юм уу” гэсэн нь ихэд эмзэг сэдэв болж тэр дор нь Сүхбаатарын хөшөөг төв талбайдаа залан баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсээр ирсэн билээ. Харин аймгийн 70 жилийн ой угтан Богд хаант Монгол улсын анхны сангийн сайд, Түшээт хан, чин ван Г.Чагдаржавын морьт хөшөөг төв талбайдаа босгох болсонтой уялдаад Сүхбаатарын хөшөөг МАН-ын байрны үүдэнд шилжүүлэн байрлуулахаар тогтлоо. Ингэснээр гуч гаруй жилийн өмнө Мандалговьд босгосон Сүхбаатарын хөшөө гурав дахиа буйр сэлгэх нь ээ.
Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн жил МУЭ-ийн шагналт зураач П.Цэгмид чамгүй их хөрөнгөөр бүтээн, төв талбайд залсан 12 барьмал бүхий “Айраг” цогцолборыг ч аль нэг цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлэн байрлуулах юм.