Аваргууд “Сүлд”-ийг буулгаж авав

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Аваргууд “Сүлд”-ийг буулгаж авав

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн эхний тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордны А зааланд болж, лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд”, “Энержи Ресурс” компанийн “Харцага” болон “TLG-13” багууд ээлжит хожлоо авсан байна.

Өчигдрийн эхний тоглолт “Харцага” болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд өрнөж, 82:61 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөсөн. Тус тоглолтод  “Харцага”-аас Б.Түмэнжаргал, Ц.Мэргэн нар тус бүр 19 оноо авч, багаа манлайлсан бол Б.Нэмэхбаяр 18 оноо авчээ. Харин “Аварга загаснууд”-аас Д.Дэлгэрням 19 оноо авч, Ц.Ганболд, Б.Билгүүн, Д.Мөнхтөр нар 10-аас дээш оноо авсан ч багаа ялалтад хүргэж чадсангүй.

Харин хоёр дахь тоглолт “TLG-13” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд болсон байгаа. АНУ-ын лигионер тоглогчоо хүч зузаатгасан “TLG-13” тоглолтын дөрвөн үед илүүрхсэнээр үндсэн цагт 85:66 харьцаатай хожжээ. “TLG-13”-аас Г.Цэнгүүнбаяр 20 оноо авч, багаа тэргүүлснээс гадна Э.Цэрэнбаатар 17 оноо, 12 самбар хийж, дабл-даблын эзэн болжээ. Харин өрсөлдөгч багаас Э.Дорж-Арилд 26 оноо авснаар багаа дахин манлайлсан байна.

Өчигдрийн сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон лигт шинээр хөл тавьсан “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд болсон. Эн тэнцүү, ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн тоглолтод “Хүлгүүд”-ээс М.Отгонмөнх шилдэг нь байж, 21 оноо авснаар багаа ялалтад хүргэжээ. Мөн тус багаас М.Бадрах, Н.Золжаргал нар 10-ааш дээш оноо авсан байна. Лигийн отгон гишүүн хэдий ч гайхалтай тоглолтоор үзэгчдийг баясгаж буй “Офицерууд”-ыг энэ удаад А.Од тэргүүлсэн бөгөөд тэрбээр тоглолтын туршид 20 оноо авчээ.

Nissan премьер лигийн нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд хуваарийн дагуу 25-ны баасан гаригт Спортын төв ордонд 17.00 цагаас эхлэх бөгөөд эхний тойргийн тоглолтууд өндөрлөсний дараа энэ тойрогт шилдэг нь байсан багийг МСБХ-ноос нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж