“Баейрн” Сан Сирод “Интер”-ийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

“Баейрн” Сан Сирод “Интер”-ийг буулган авлаа

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Хасагдах шатны хамгийн сонирхолтой тулаануудын нэг Сан Сиро цэнгэлдэхэд өрнөж, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Марио Гомез гоолдсоноор Германы аварга “Баейрн Мюнхен” баг 1:0 харьцаатай өнгөрсөн жилийн цомын эздийг буулган авчээ. Өнгөрсөн жил аваргын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлсэн тус хоёр багийн тоглолт энэ удаад ч сонирхолтой өрнөж, харин эцсийн мөчид тоглолтын хувь заяа шийдэгдэх ёстой байж. Арьен Роббений цохилтыг эзэн багийн хаалгач амжилттай хаасан ч  ойсон бөмбөгийг Гомез хаалганд оруулж, багтаа тун чухал ялалт авчирсан байна. Одоо тэд ирэх сарын 15-нд өөрийн талбайдаа “Интер”-ийг хүлээн авч, тэнцэхэд л хангалттай.

Мөн өчигдөр Аваргуудын лигийн хүрээнд бас нэгэн тоглолт болсон нь Английн Премьер лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” болон Францын “Марсель”-ийн хооронд болсон юм. Марсель хотын Велодром цэнгэлдэхэд болсон тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөжээ. Гэхдээ “МанЮ”-гийн босс Сэр Алекс Фергусон “Мөрөөдлийн театр”-таа хийх хариу тоглолтод ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ийм тохиолдолд талбайдаа гоол алдах нь тун аюултай. Гэхдээ маш энгийн. Бид хожвол дараагийн шатанд шалгарна” хэмээжээ.

Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан багуудын эхний тоглолтын дүнг танилцуулъя.

“Милан” 0:1 “Тоттенхэм”
“Валенсия” 1:1 “Шальке 04”
“Рома” 2:3 “Шахтёр Донецк”
“Арсенал” 2:1 “Барселона”
“Лион” 1:1 “Реал Мадрид”
“Копенгаген” 0:2 “Челси”
“Интер Милан” 0:1 “Баейрн Мюнхен”
“Марсель” 0:0 “Манчестер Юнайтед”

Харин тоглолтууд гуравдугаар сарын 8, 9 болон 15, 16-нд болно.

Бичлэг үзэх

Фото үзэх

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж