
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарыг “Хайрын жүжгийн өдрүүд” болгосон. Энэ хүрээнд тэд Ю.Хюго “Парисын дарь эхийн сүм” мюзикл жүжиг, “В.Красногоров төслийн шилдэг жүжиг болох “Би ч гэсэн жаргамаар байна”, “Хайрын домог”, “Хунгийн дуу” зэрэг сэтгэл зүйн драмын жүжгийг тоглож байгаа аж. Театрт өчигдөр “Нэргүй од” жүжгийг тоглосон бол өнөөдөр маргааш хоёр өдөр Ц.Балдоржийн “Хайрын виз” драмын жүжгийг тоглох юм.
“Хайрын виз” жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар, хөгжмийн зохиолчоор Л.Балхжав ажилласан бөгөөд гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглох нь ээ. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлжээ.
М.Урин