
Үнэндээ брокер, дилерийн компанийн талаарх иргэдийн ойлголт тааруу, нэр хүнд нь ч өндөргүй явж ирсэн. Иргэд итгэж найдаж гэрээ хийхээсээ илүүтэй миний юмыг зараад идчихвэл яана аа гэсэн болгоомжлолтой байдаг нь нууц биш. Харин одоо ийм болгоомжлолоос татгалз гэдгийг брокер дилерийн компаниуд хэлж байна. Тэд өчигдөр Засгийн газрын XIII байрны дугуй танхимд хуралдаж, холбооныхоо дүрэм болон ТУЗ-д өөрчлөлт оруулжээ. Энэ нь брокерын компаниуд шинэчлэлийн шинэ шатаа тавьсан явдал болов.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан компаниудын нэгдсэн холбоо байх дээр тогтож, дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. Мөн хурлын үеэр ТУЗ-ийн гишүүнээ есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн сонгожээ. Мөн холбоо хяналтын зөвлөл, ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинээр байгуулсан байна. Ингэснээр энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд олон улсын төвшний стандарт нормын шаардлага тавьж хэрэгжүүлдэг болох юм байна. Точвхондоо бол ёс зүйн хорооны ажил чанаржина гэсэн үг юм. Ингэснээр харилцагч нарын итгэлийг алдаж, хүний хөрөнгийг зөвшөөрөлгүй арилжих зэрэг ёс зүйгүй үйл ажиллагааг холбооны Ёс зүйн хороо шийдвэрлэж байх юм байна.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 48 брокер дилерийн компани байдаг. Мөн хөрөнгийн захын бусад үйлчилгээ үзүүлдэг 5-6 компани байдаг. Нийтдээ 50 гаруй компани Монголын хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой нь хоёр компани бий. Энэ нь “Нортен сек”, “Си Пи Эс” юм.
Юутай ч нэг удаагийн хурлаар бүрэн шинэчлэгдэнэ гэж юу байхав. Гэхдээ л шинэчлэгдэх шаардлагатай гэдгээ тэд хүлээн зөвшөөрч. Иргэдийн итгэлийг эвдэхгүй, хөрөнгийн захын хариуцлагатай оролцогч байхын төлөө ажиллаж эхэллээ.
Дугаар шилжих мөч, 19.20 цагт Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны хуралдаан дуусаагүй байна. Тэд ТУЗ-ийн шинэ гишүүдэд нэр дэвшигчдийн саналын тоолж байв. Үүний дараа шинэхэн ТУЗ-ийн даргаа сонгоно. Хурлын мэдээллийг бид үргэлжлүүлэн мэдээлнэ.