Б.Мөнгөнтуул Катарт Гран-прид оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Катарт Гран-прид оролцож байна

Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний зургаа дахь цуврал Катарын нийслэл Доха хотноо эхэллээ.

Мягмар гаригт эхэлсэн сүүлийн цувралын хамгийн өндөр чансаатай тамирчин нь дэлхийн эмэгтэй шатарчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Энэтхэгийн их мастер Х.Конеру аж. Уг тоглолтод манай их мастер Б.Мөнгөнтуул оролцож байгаа бөгөөд эхний өрөгтөө алдарт аварга асан Гүржийн их мастер Майя Чибурданидзетэй хараар тоглож, 76 дахь нүүдлээрээ буулган авчээ. Тэрбээр эх орондоо болсон тав дахь цувралд дэлхийн аваргад ялагдаж байсан юм. Б.Мөнгөнтуул сугалаагаар тэмцээний хүснэгтийн долдугаарт байрласан учраас өнөөдөр мөн л Гүржийн нөгөө шатарчин Н.Дагниздетай хараар тоглох юм.

Эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний сүүлийн цувралд дээрх дөрвөн шатарчнаас гадна Катарын их мастер Жү Чень, Болгарын А.Стефанова, Шведийн П.Крамлинг, Францын М.Себаг, Хятадын Сю Юйхуа, Шен Ян, Армены Л.Мкртчян, Э.Даниелян (Армен, 2454), Эквадорын М.Фьерро нар тойргоор өрсөлдөж, дэлхийн аварга цолны төлөөх халз тулаанд өрсөлдөх шатарчинг тодруулна. Өмнөх таван тэмцээний нийлбэр дүнгээр Хятадын залуу их мастер Хоу Ифань түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон ажээ. Харин нийлбэр дүнгээр удаах байрт шалгарсан шатарчин түүнтэй дэлхийн аваргын төлөө халз тоглох эрхтэй болох юм. Эхний өрөгт Гүржийн их мастер Н.Дагнизде, Энэтхэгийн их мастер Х.Конерутай тоглож хожжээ. Харин нутаг дээрээ тоглож буй дэлхийн аварга Катарын их мастер Жү Чэнь Эквадорын шатарчин М.Фьеррод хожигдлоо. Харин Болгар, Хятадын хоёр дэлхийн аваргын халз тулаан Сю Юйхуагийн ялалтаар өндөрлөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж