Хүний амь хөнөөсөн П.Сумъяажавыг өршөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөсөн П.Сумъяажавыг өршөөжээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд давж заалдах шатны буюу Нийслэлийн шүүхээс  Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт оногдуулсан 15 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлснийг хэвээр үлдээсэн  байна.

П.Сумъяажав нь шунахай сэдэлтээр 2009 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Д.Бямбадоржтой урьдчилан үгсэн тохиролцож, Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух иргэн О-гийн гэрээс эд зүйл дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулж, 11 сая 400 мянган төгрөг, 100.000 төгрөгийн үнэтэй “Коника” маркийн гэрэл зургийн аппарат зэргийг дээрэмдэх явцдаа 5 настай Н-ийн хоолойг хэрчиж алахаар Д.Бямбадоржийг өдөөн түлхэж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амь насыг нь хөнөөсөн гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн 12 настай О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж хөнөөхийг  завдсан, бас түүнийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн аж.

Д.Бямбадорж нь П.Сумъяажавтай урьдчилан үгсэн тохиролцож дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдаа  П.Сумъяажавын ятгаж зааснаар 5 настайг Н-ийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар хоолойг нь хэрчиж амь насыг нь бүрэлгэжээ. Түүнчлэн П.Сумъяажав 12 настай О-г  хөнөөхийг  завдахад дүүгийнх нь амь насыг хохироож  учрах саадыг арилган гэмт хэрэгт хамтран оролцсон ажээ.  

Баянгол дүүргийн шүүх уг хэргийг  өнгөрсөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа нэг хүний амь насыг хөнөөсөн, нэг хүний амь насыг хөнөөхийг завдсан гэм буруутай нь нотлогдсон хэмээн үзэж 15 жилийн хорих ял оногдуулсан байна.

Нийслэлийн шүүх уг хэргийг хоёр сарын дараа  давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт оногдуулсан 15 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.5-д “ Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн 18 насанд хүрээгүй ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж